Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.30) Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Рэймөнд Ганьетай албан ёсны уулзалт хийлээ.
Монгол, Канадын "Иж бүрэн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж, идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр 126 гишүүнтэй парламент эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр олон чухал хуулийн төсөл санаачилж буйг дурдахын зэрэгцээ хуулийн тоонд бус иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрээр нь ажлын үр дүнгээ үнэлэх зарчимд шилжиж байгааг онцоллоо.
Түүнчлэн, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарсны үр дүнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр 32 эмэгтэй гишүүн сонгогдож, холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулснаар УИХ олон намын төлөөлөлтэй болж чадсаныг тодотгов.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Рэймөнд Ганьегийн зүгээс Монгол Улсын парламентад сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж чадсанаар салбар бүрийн залуучуудын төлөөллөөр парламент бүрэлдэхүүнээ шинэчилж, жендэрийн тэгш байдлыг хангахад дэвшилт гаргасныг тэмдэглэлээ.
Талууд уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын чиглэлээр ярилцаж, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжих боломжтой хэмээн санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.