Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.
Уг чуулганд ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбатын хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Нүүдэлчин Монголын өв, соёлыг тээгч адуучид, уяачид аа,
Та бүхний амар амгаланг айлтган, арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн зуны тэргүүн сарын шинийн 6-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол орны өнцөг булан бүрт эрдэнэт сүргээ адуулан, эх нутагтаа эзэн болж, өв соёлоо тээн яваа мянга мянган адуучдын төлөөллийг Төрийн ордонд урин залж, хуран чуулах боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд талархал илэрхийлж, төр, түмний төлөөх эрхэм үйлсэд тань амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2025 оны хуралдаанаар “Дэлхийн адууны өдрийн тухай” 79 дүгээр тогтоолыг дэмжин баталсан нь нүүдэлчин ард түмний үр сад, морьтон монголчуудын хувьд магнай тэнийлгэсэн сайхан мэдээ байлаа. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай” 100 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Үндэсний их баяр наадмын хүрээнд анх удаа өргөн дэлгэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрийг угтаж “Монгол адуучин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Нүүдэлчин монголчуудын бахархалт өв адуун соёлыг хадгалан хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг түүчээлж, Ардын хувьсгалын түүхэн ой, Үндэсний их баяр наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгох санаачилга гарган батлуулсан, өнөөдрийн “Монгол адуучин” үндэсний чуулганыг ивээлдээ авч зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд нийт адуучид, уяачид, адуун соёлын өвийг тээж, судалж, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа бүх хүний өмнөөс болон хувиасаа дахин талархал илэрхийлье.
Монголчуудын туулж өнгөрүүлсэн түүх, тээж ирсэн өв, соёл, нүүдэлчин ахуй, ёс, заншил бүхэн адуутай салшгүй холбоотой билээ. Монгол хүн монгол эх нутагтаа аж төрж эхэлсэн тэр цаг буюу чулуун зэвсгийн үеэс адууг гаршуулан тэжээж, уналга, эдэлгээнд ашиглан, амьжиргааныхаа гол эх үүсвэр төдийгүй төр улсын аюулгүй байдлын баталгаа, цэрэг дайн түшиц нөөц, харилцаа холбооны хэрэгсэл болгож ирсэн уламжлалтай. Эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрийг богино хугацаанд туулж, их хаадын зарлиг тушаал, зар мэдээллийг гуравхан хоногийн дотор өнцөг булан бүрт хүргэх, аян дайн хийх зэрэгт хүлэг морь онц чухал үүрэгтэй байсан тул Өгээдэй хаан морин өртөөг анх байгуулсан нь өнөөгийн интернэтийн сүлжээтэй дүйцэхүйц харилцаа холбооны үсрэнгүй дэвшил байв. Их Юань улсын үед Адууны яам байгуулж, адууг хамгаалах, үүлдэр угсааг нь сайжруулан өсгөн үржүүлэх бодлогыг хэрэгжүүлж байсан нь хүн төрөлхтний түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн юм.
Монголчууд бид адуун соёлоор хамгийн баялаг ард түмэн. Үүгээрээ бахархах учиртай. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад адуун соёлын эх ундаргатай монгол наадам, морин хуур болон хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн Хүй долоон худагт болсон 10 мянган морьтны жагсаал, 4000 хурдан морины уралдаан “Нэг дор хамгийн олон морьтон цугларсан, хамгийн олон морь уралдсан” гэдэг дээд амжилт тогтоон Гиннест бүртгүүлсэн билээ.
Нүүдэлчин монголчуудын уламжлалт, бахархалт өв соёлыг тээгч малчин, адуучин та бүхэн маань залуу хойч үедээ мал маллах арга ухаан, адуун соёлын өв, хосгүй өвөрмөц зан үйлийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлагааа үргэлж ухамсарлаж явах учиртай.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий даяар нийт 57.0 сая гаруй толгой адуу байна. Үүний 8.9 хувь буюу 5.1 сая толгой адууг Монгол Улсад өсгөн үржүүлж байна. Монгол Улс адуун сүргийн тоогоор дэлхийд 4-р байрт ордог бол нэг хүнд ногдох адууны тоогоор тэргүүлдэг.
Эдүгээ Монгол орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн маллагаанд онцгой дасан зохицсон Монгол, Тэс, Галшар зэрэг 3 үүлдэр, Дархад, Мянгад, Өндөр шил зэрэг 3 омгийн адууг бий болгон ашиг, шимийг нь хүртэхийн зэрэгцээ уналга эдэлгээ, спорт уралдаан, аялал жуулчлалын зориулалтаар төрөлжүүлэн үржүүлж байна.
Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийж, мал аж ахуйг эрсдэлгүй эрхлэх, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр салбарын яамнаас онцгойлон анхаарч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг энд дурдахыг хүсэж байна.
Сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшил, уур амьсгалын нөлөө, бэлчээрийн хомсдол зэрэг хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой цөөрч, хэрэглээ буурч, үүнийг дагаад энэ төрлийн аж ахуй эрхлэгч, адуучид багагүй сорилттой тулгарч байна. Энэ бол уламжлалт нүүдлийн мал аж ахуйд тулгарч буй нийтлэг бэрхшээл, сорилт юм. Үүнийг даван туулж, даяаршсан дэлхий ертөнцөд адуун соёлоороо ондоошиж үлдэх нь та биднээс шалтгаална. Өнөөдрийн чуулганаар энэ мэт олон тулгамдсан асуудал, онцлох сэдвийг тойрон ярилцаж, тодорхой, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.
Уул, тал, хангай, говь хосолсон уудам дэлгэр Монгол нутагтаа эзэн нь болж, эрдэнэт сүргээ адгуулан аж төрж буй удамт малчны үр сад, золбоо хийморьт адуучид Та бүхэндээ сүрэг сортой, хүлэг хурдтай, айраг цалгиж, амжилт бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
“Монгол адуучин” үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.