Хуульч Б.Гүнбилэг АТГ-ын үүдэнд дараах асуудлуудаар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны есдүгээр сард 322 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууны худалдан авах тендер зарлаж, уг шалгаруулалтад “Сод Монгол” ХХК ялалт байгуулжээ.
Гэвч энэ шийдвэр улс төрийн болон ашиг сонирхлын сүлжээтэй холбогдож болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
1. Онц дэглэмийн дор ажиллаж буй ЭТТ — Ерөнхий сайдын хяналтад
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоож, тус компанийн Бие даасан эрх бүхий төлөөлөгчийг (БЭТ) томилсон. Иймээс тус компанийн аливаа стратегийн шийдвэр, тэр дундаа 300 тэрбумаас дээш үнийн дүнтэй тендерүүдийг Ерөнхий сайдын мэдэл, зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломж хязгаартай гэж үздэг.
2. Тендерийн цаг хугацаа анхаарал татаж байна
“Эрдэнэс Тавантолгой” компани жил бүрийн эхэнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө олон нийтэд ил тод зарладаг. Гэтэл 2025 оны есдүгээр сард буюу жилийн төгсгөлд гэнэт 322 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендер зарласан нь эргэлзээ төрүүлж байна.
3. Улс төр, бизнесийн сүлжээ: Ерөнхий сайд ба “Сод Монгол”-ын эзэд
Ерөнхий сайд Г.Занданшатар нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Харин Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай гэсэн мэдээллүүд ч байгаа юм .
4. Ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл
Эдгээр нөхцөл байдлыг харвал, 322 тэрбум төгрөгийн шатахууны тендерт “Сод Монгол” ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил, ил тод байдлын ноцтой асуудлыг хөндөж байна.
Тендер шударгаар явагдсан уу?
Шалгаруулалтын үйл явц хэнд ашигтай байв?
Энэ бол хариулт шаардсан асуултууд юм.