"The MongolZ" багын зүгээс хүүхэд залуусын дунд монгол бичгээр эссе бичлэгийн уралдаан зарласан билээ.. Тэгвэл тус уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ. Түүний эссег бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
"Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй"
Амьдрал бол эцэс төгсгөлгүй тэмцэл. Заримдаа хүн бүх хүчээ шавхсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, ялагдсан мэт санагддаг. Гэвч жинхэнэ ялалт нь өрсөлдөгчөө дийлэхэд бус, харин уналтын дараа дахин босоход оршдог. Хүн бие махбодоороо мохож болох ч зориг, сэтгэлээрээ ялагдашгүй. Би багадаа түүх гэдэг зүйлийг сонирхдоггүй, бүр мэддэг ч үгүй байсан. Түүх гээд ярих бүрд надад нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг дахин сөхөх ямар хэрэгтэй юм бол гэж бодогддог байв. Надад ирээдүй л илүү чухал санагдаж, өнгөрсөн бол ард хоцорсон хоосон үүл мэт санагддаг байсан гэвч нэгэн өдөр гэр бүлээрээ аялалд явах үед бүх зүйл өөрчлөгдсөн юм. Бид Хэнтийн уулсын бэлд очиж, Чингис хааны өлгий нутагтай танилцахаар болсон. Тэнд ахмад хөтөч маань «энэ газар дэлхий дахиныг өөрчилсөн их түүхийн эхлэл» гэж намуун дуугаар өгүүлэв. Түүний ярианд Чингис хааны бага насны зовлон, түүний туулсан бэрхшээл, эцэст дэлхийн талыг эзэлсэн их үйл хэрэг гүн гүнзгий цуурайтлаа тодорч байлаа. Би тэр мөчид нэгэнт өнгөрсөн мэт санагдаж байсан зүйл үнэндээ өнөөдрийн бидэнд итгэл, зориг, бахархал хайрладаг амьд хүч гэдгийг ухаарсан. Түүх гэдэг хуучирсан зүйл биш, харин өнөөдөр биднийг чиглүүлж, маргаашийг гэрэлтүүлдэг замнал юм байна гэдгийг тэнд л ойлгосон. Ингэж л би түүх судлаач болох мөрөөдлөө эргэлт буцалтгүйгээр сонгосон. Түүхийн үнэ цэнэ зөвхөн хэдэн зууны өмнөх үйл явдлаар хязгаарлагдахгүй, өнөө цагийн амьдралд ч тод харагддаг. Энэ утгаараа Mongolz багийн амжилт бол миний харж буй түүхийн нэгэн тод жишээ. Тэд өдөр бүрийн олон цагийн уйгагүй бэлтгэл, унтах, нойроо хасан хийсэн тоглолтууд, ялагдлын дараах, гашуун мэдрэмж энэ бүхнийг тэсэж байж өнөөдрийн нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж жижиг улсын хөвгүүд ч хүсэл зоригийн хүчээр дэлхийд гарах боломжтойг харуулсан. Тэдний туулсан зам түүхийн хуудсанд бичигдэхүйц үнэ цэнтэй бөгөөд ирээдүйд би түүхийн судалгаандаа, илтгэлүүддээ энэ бахархалт аяллыг заавал өгүүлэх болно гэж итгэдэг. Учир нь тэдний ялалт бол зөвхөн нэг багийн ялалт биш, харин монголын залуусын мөрөөдлийн ялалт юм. Өөрийн амьдралдаа би ч бас ялалт, ялагдлын дунд алхаж явна. Би хичээлдээ үргэлж шилдэг байхыг хичээдэг, шөнө орой хүртэл сууж судалдаг, заримдаа гуравхан цаг унтдаг ч гэсэн ялагдалтай нүүр тулдаг. Тэр мөчид би өөрийгөө жижигхэн нуурын том загас мэтээр төсөөлдөг. Гэвч MongolZ-ийн түүх миний чихэнд “ Чи ч бас далайд хөвж чадна” гэж хэлдэг шиг санагддаг. Тэд надад урагшлах итгэл ялагдлаа даван туулах зориг өгдөг. Энэ бол “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” гэх үгийн жинхэнэ нотолгоо юм. Иймээс миний мөрөөдөл болох түүх судлаач мэргэжил бол зөвхөн өнгөрсөн үеийг тайлбарлах биш, харин өнөө цагийн бахархал, тэмцлийн түүхийг ч мөн ирээдүй хойчдоо дамжуулах зорилготой. Би хүсэл мөрөөдлөөрөө түүхийг үргэлжлүүлэн бичиж, монголын нэрийг дэлхийд дурсгасан баатруудын нэгхэн хэсгийг залууст хүргэхийг хүсдэг. Учир нь түүх гэдэг бол зүрх сэтгэлтэй тэмцэж чадсан хүмүүсийн бүтээсэн хамгийн агуу өв билээ.
Бүх бүтээлтэй танилцах: https://discord.gg/mcNxntfRG8
Уралдааны удирдамж: https://discord.gg/jgcmUhRwDs