Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа зэрэгт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энэ хүрээнд НЗД-ын орлогч А.Амартүвшин Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаарталтын үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна. Мөн аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг зэрэг борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авалт хийх боломжтой.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэсгийн ахлагчийн хамтаар нэг өрхөд хяналт хийхэд зуухны битүүмж алдагдсан, ан цав үүссэн, угаар мэдрэгчгүй байна. Үүнтэй адил нөхцөл байдалтай 40 мянга гаруй өрх нийслэлийн хэмжээнд байгаа. Эдгээр өрх нь шинээр зуух худалдан авах боломжгүй учраас дүүрэг, хороодоос засах, солих, угаар мэдрэгч суурилуулах арга хэмжээг авч байна. Мөн 110 мянган гаруй өрхийн угаар мэдрэгчийг нийслэлийн нэгдсэн системд холбосон бөгөөд нэмж 30 мянган айлыг холбохоор ажиллаж байна. Нэгдсэн системд холбосноор угаарын дохио ирсэн тохиолдол бүрт 5-7 минутын хугацаанд яаралтай тусламж үзүүлэх боломжтой. Тиймээс угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд иргэд аюулгүй байдлаа хангаж, угаар мэдрэгчийг заавал суурилуулахыг уриалж байна” гэв.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны дөрөвдүгээр хэсгийн ахлагч Э.Сэлэнгэ “Манай хорооны хувьд гэр хороололд амьдардаг 3000 гаруй өрх байдаг. Хорооны зүгээс нийслэлийн Онцгой байдлын газар болон “Таван толгой түлш” ХХК-тай хамтран өрх бүрийн зуух, угаар мэдрэгчийг шалгаж, шинэчлэх ажлыг өдөр бүр хийж байна. Шалгалтаас үзэхэд ихэнх өрхийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан байдаг учраас тухай бүрд нь гарсан судалгааг нийслэлд хүргүүлж солих, шинэчлэх арга хэмжээг авч байна. Мөн угаарын дохио илэрсэн тохиолдолд нийслэл болон дүүргээс бидэнд мэдэгдэж, хорооны ажилчид шуурхай очиж, тусламж үзүүлэх зэргээр ажиллаж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС