Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлж буй. НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
“Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. 10 дугаар сарын сүүл гэхэд дулаалга дуусаж, 11 дүгээр сарын эхээр хийн холболтуудаа хийнэ. Хий түгээх 22 цэг дээр цэнэглэлт хийнэ. 2026 онд 50 мянган айлыг хийн хэрэглээнд холбоно. Тэгэхээр хийгээ хадгалах хэрэгцээ үүснэ, нөөцөө бэлдэнэ, мөн хэрэглээг хангах тоног төхөөрөмжүүд байх ёстой. 2027-2028 онд шилжих өвөл бид 65 мянган айлыг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд дэд бүтцийн асуудлуудаа шийднэ. Ингэснээр Улаанбаатар хотын нүүрснээс хамааралтай агаарын бохирдол шийдэгдэнэ. Бид хагас коксон түлшийг хийн хэрэглээнд шилжих шилжилтийн үед ашиглана” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС