БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно

Admin
Өчигдөр

Арилжааны банкны зээлийн хүү 17 хувь, ББСБ-уудын олгодог зээлийн хүү 42-48 хувьд хүрч, иргэн, ААН хоёр зээлийн дарамтаас өндийж чадахгүйд хүрлээ. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл санаачлах замаар банкуудын мөнгө хүүлэх монополчлолыг хална, зээлийн хүүг бууруулна гэсэн асуудлыг хөндөж эхэлсэн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Мөнгө хүүлэлтийн эсрэг анхдагч хуулийн төслийн талаар та сүүлийн үед хөндөх болсон. Иргэн, ААН-үүд үнэхээр арилжааны банкууд, ББСБ, зээлийн апплейкшнийн өр зээлийн сүлжээнд аалзны тор шиг ороогдсон. Хэрвээ таны ярьж буй хуулийг УИХ баталж чадвал энэ парламент нийгмийн нэг том захиалгыг биелүүлж чадах байх. Ер нь мөнгө хүүлэлт гэж юу юм. Яагаад ийм хууль байх ёстой гэж?

-Англиар “usury” буюу мөнгө хүүлэх гэдэг энэ агуулгыг эрх зүйн утгаар нь “хууль бус өндөр хэмжээний хүү ногдуулах гэмт хэрэг” гэж тодорхойлсон байдаг. Шууд утгаараа гэмт хэрэг гэсэн байдаг. Германы эрдэмтэн Карл Маркс алдарт “Капитал” зохиолдоо мөнгө хүүлэлтийг капиталист мөлжлөгийн хэрэгсэл гэж үзсэн. Энэ бол 1867 оны зохиол. АНУ ч Хүний эрхийн тунхаглалдаа “Өндөр хүү бол мөнгө хүүлэлт буюу хүн хүнээ мөлжих харгис ёс” гэж заасан. Гэтэл бид өндөр хүүг зах зээлийн өрсөлдөөн, жам ёсны үзэгдэл гэж ойлгож ирлээ. Дэлхийн жишигт бол 15 хувийн ашгийг бизнест хэвийн, хангалттай ашиг гэж үздэг. Гэхдээ бид 15 хувийн ашгийг тогтсон ашиг гэж хатуу хуульчлах нь хаашаа юм. 20-30 -аас дээш хувийн хүүг мөнгө хүүлэлт гэж үзэж болох юм. 

Яг одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын олгодог зээлийн хүү дунджаар 20 хувь, ББСБ-уудын хүү 40-50 хувьд хүрсэн яваа. Банкны хүү өндөр учраас тэтгэврийн зээл, цалингийн зээл болон ББСБ-ын зээлийн хүү ямар ч хяналтгүй, зоргоороо өсөж, зах замбараагаа алдсан. Зээлийн төрөл ч өргөжөөд апплейкшний зээл, өдрийн зээл бий болсон байна. Нөгөө талд нь зээлдэгчид зээлийн хүүгийн дарамтад орж үндсэн зээлээ ч төлж чадахгүйд хүрч, иргэдийн амьдрал дордож, бизнесүүд хаалгаа барьж, үйлдвэрлэл ч хөгжих боломжгүй болсон. Эдийн засаг ч хүндэрч буйг бүгдээрээ харж байна.

Төрөөс боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг хариуцаж буй учраас хүндрэл бага гарч байгаа ч арилжааны банкуудын зээл дунджаар 20 хувьд хүрнэ гэдэг бол банк, санхүүгийн зах зээлд галзуурсан хөөсрөлт явагдаж байгааг харуулж байна. ГЭТЭЛ ҮЙЛДВЭРҮҮДИЙН АШГИЙН ХУВЬ 10 ОРЧИМ Л БАЙНА. Энэ бол зээлдэгчдэд тулгаж байгаа зохиомол дарамт, үнэхээр сэтгэл зовмоор асуудал. Зээлийн хүү өндөр байх нь арилжааны банкууд, зээл гаргадаг бусад байгууллагын ашиг орлогыг сайжруулж байгаа ч эсрэгээрээ зээлдэгчид золиослогдож, халаасаа сэгсрүүлж байгаа юм.

Арилжааны банкууд 2024 онд нийтдээ нэг их наяд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.  Урт хугацаандаа эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Тийм учраас “Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль”-ийн төсөл санаачлан, арилжааны банкны хүүнд дээд хязгаар тогтоож, зээлийн хүүгийн дарамтаас салгах замаар иргэд, ААН болон бизнесийг дэмжих хуулийг парламентаар батлуулж, нийгэм, эдийн засгаа эрүүлжүүлэх ёстой гэж харж байгаа. Хуулийн төслийн үндсэн агуулга, зорилго бол үндсэндээ энэ. Сүүлийн 45 жилд 90 улс орон мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай болсон байна.

-Зээлийн хүүнээс үүдэлтэй дарамт иргэн, ААН-үүдийг дампууралд хүргэж байна гэдэг ч асуудлыг аль ч УИХ, Засгийн газар барьж аваад шийдсэнгүй. Нийгэмд хүлээлт өндөр байгаа. Таны санаачлах Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл замбараагаа алдсан зээлийн хүү, хөөсийг буулгахад ямар хувь нэмэр оруулах бол. Шийдэх арга зам, хөшүүрэг нь юу байх юм?

-Зээлийн хүүг бодитойгоор бууруулах хууль, эрх зүйн үүрэг хүлээсэн газар бол Монголбанк. Төв банкны тухай хуульд “Монголбанк өөрийн зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулан банкны хүүгийн нэгдсэн бодлого явуулна” гэсэн заалт байдаг ч огт хэрэгжээгүй явж ирлээ. Үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг. Төв банкнаас “Мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах замаар зээлиин хүүг  бууруулах боломжтой” гэсэн байр суурь илэрхийлдэг ч энэ нь бас л тунхаглал төдий болсон. Хадгаламжийн хүү дунджаар 12 хувьтай байгаа энэ үед хүүний шилжих нөлөөг яаж ч сайжруулаад зээлийн хүү одоогийн түвшингээс буурахгүй гэдгийг Монголбанк ойлгоогүй юм шиг байна.

Арилжааны банкууд Төв банкны бодлогын хүүг үл ойшоож, ашиг орлогод нь өндөр хамааралтай хадгаламж татахын тулд хадгаламжийн хүүг өсгөх өрсөлдөөн явуулж байна. Жишээ нь, Капитрон банк 500 сая төгрөгөөр хадгаламж эзэмшигчдээ урамшуулахаа зарлаж байна. Өндөр хүүтэй хадгаламжаа барьж тогтоох, ашигтай ажиллахын тулд зээлийн хүүг өндөр тогтоож, энэ хэвээр нь барьж, санхүүгийн зах зээлд монополь тогтоогоод явж байна.

Өндөр хүүтэй хадгаламж татсан банк зээлийн хүүг хадгаламжийн хүүнээс доош тогтоож чадахгүй. Алдагдалд орохгүй гэж үзнэ. Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ өнөөдөр 14-16 хувиар зарлаж байна. Ийм байхад өндөр хадгаламжтай иргэд мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулахгүй, банканд байршуулаад өндөр хүү аваад явахыг илүүд үзнэ. Бизнесийн хэвийн ашгийн түвшинг 15 хувь гэж үздэг. Бизнес хийснээс, хувьцаанд хөрөнгө оруулснаас банкинд мөнгөө хадгалуулах нь эрсдэлгүй болж байна. Монголын эдийн засаг үнэндээ дундад зууны Европ шиг “мөнгө хүүлэлтийн эдийн засаг” болж  боловсруулах үйлдвэрлэл  хөгжихгүй байна. Жишээ нь, АНУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци (FDIC) нь хадгаламжийн хүүг хэт өндөр тогтоохоос сэргийлдэг. Монголд бас өндөр хүүтэй хадгаламж банкийг эрсдэлд оруулж буй тул  даатгалд хамруулахгүй гэвэл хүү нь буурах боломжтой. Банкуудыг өндөр хүү шаарддаг том хадгаламж эзэмшигчдийн дарамтаас хамгаалах механизм хэрэгтэй байгаад байна.

Банкууд эр зоригоороо зээлдэгчдээ шулан мөлждөг харгис бодлогоосоо татгалзвал сайн

-Хуулийн заалт, зохицуулалтад болгоомжтой хандахгүй бол хууль батлагдах сургаар хадгаламж эзэмшигчид хөрөнгөө татах, арилжааны банкууд эрсдэлд орох ийм асуудал үүсэж бас магадгүй. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоомогц банкууд 5-7 нэгж хувийн ашгаа хэвээр хадгалах тул  хадгаламжийн хүүг бүгд бууруулна. Одоогийн 12 хувь, 9-10 орчим болж буурах байх. Гэтэл Монголбанк хадгаламжийн хүү хэд болтол буурахыг мэдэхгүй байж “хөрөнгийн зугталт бий болно”  гэсэн таамаглал дэвшүүлдэг.  Монголбанк  инфляциа 5-6 хувиар онилж буй нөхцөлд хадгаламж зугтахгүй байх. Хаашаа зугтах вэ гэдэг нь чухал. Хэрвээ иргэд хадгаламжаа үйлдвэрийн хувьцаа руу шилжүүлбэл энэ бол 25 жил хүсэн хүлээсэн үр дүн байх юм. Магадгүй хадгаламж гадаад руу зугтана гэж бодоод байж магадгүй. Тэгвэл төгрөгийн болон долларын хадгаламжийн хүү наад зах нь 2-3 дахин өндөр хэвээр үлдэж байхад эрүүл хүмүүс ийм яриа гаргахгүй байх.

Банкуудад очих хадгаламжийн хэмжээ буурах нь эрсдэл биш. Харин ч банк суурьтай санхүүгийн систем “банк ба хөрөнгийн зах” гэсэн хосолсон суурьтай болж буйд баярлах ёстой. Үүнийг бид 35 жил хүлээж, ярьж байгаа биз дээ. Зээл, хадгаламжийн хүү буурах нь арилжааны банкны гүйлгээ илүү эрсдэлгүй орчинд очиж байна гэсэн үг. Мэдээж хэрэг хууль батлагдаж мөрдөгдөх үед аль нэг банк дангаараа хадгаламжийн хүүг бууруулж чадахгүй. Хамтын шийдвэрээр буулгахаас өөр аргагүй нөхцөлд оруулж буйд тэд бас баярлах ёстой байх. Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж, санхүүгийн эрүүл харилцаа руу ороод эхэлбэл ББСБ-ууд зах зээлийн өрсөлдөөний зарчмаар зээлийн хүүгээ бууруулна.      

-Энэ хууль батлагдвал нийгэм алга ташин хүлээж авна. Бараг МАН 2027, 2028 оны сонгуулийн оноогоо ч халаасалчих болов уу. Хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

-Хуулийн төсөл бичигдэж, тодорхой судалгаанууд хийгдэж байна. Арилжааны банкууд, банкуудын жишгийг дагасан ББСБ-ууд олон жилийн турш иргэдээ зээлийн хүүгээр дарамтлан үнэндээ сөхрүүлж гүйцлээ. Авсан зээлээсээ болж зээлдэгчид дампууралтай нүүр тулж байна. Уг нь арилжааны банкууд өөрсдөө эр зоригоороо зээлдэгчдээ шулан мөлжих замаар хөрөнгөө өсгөдөг ийм харгис бодлогоосоо татгалзвал нийгэм их эерэг хүлээж авна.

Арилжааны банкны зээлийн хүүд дээд хязгаар тогтоох асуудлыг тусгасан Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл, үзэл баримтлалыг томоохон эдийн засагчид, эрдэмтэдтэй хамтран боловсруулаад явж байна. Мэдээж хэрэг шинэ хууль учраас зээлийн хүүд дээд хязгаар тогтоосон дэлхийн 90 улс орны жишиг, Монголын онцлогийг харгалзан тусгана. Арилжааны банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хийгдсэн судалгаа, тооцоонд үндэслэн бичиж байгаа. Удахгүй төслөө Монголбанк, СЗХ, Банкны холбоо, ББСБ-ын төлөөлөлтэй уулзаж танилцуулж санал шүүмжлэл сонсоно. Түүний дараа УИХ-д оруулж ирнэ.

Эндээс нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Энэ хууль бол санхүүгийн зах зээлд оролцож буй Монгол Улсын гурван сая гаруй иргэнээ өндөр хүүгээс, мөлжлөгөөс хамгаалах зорилготой.  Арав гаруй арилжааны банк, 500 гаруй ББСБ-ын хүслээр хийгдэхгүй тул янз бүрийн гомдол, маргаан, зарим тохиолдолд сөрөг гүтгэлэг ч дагуулж магадгүй. Гэхдээ хууль үйлчлээд эхлэхэд арилжааны банкууд, ББСБ-ууд олон тэрбумын ашгаа алдахгүй учраас санаа зовохгүй байж болно.

Дэлхий нийтээрээ хэт өндөр хүүг хүн хүнээ мөлжих ёс, боолчлох арга зам гэж үзэж байна

-Хуулийн төсөл бичиж байгаа хүний хувьд танд өнөөдрийн арилжааны банкуудын хадгаламж, зээл олголт, зээлийн хүүг тооцсон анхан шатны судалгаа байгаа байх. Энэ талаар бодитой тоо, харьцуулалт хэлэхгүй юу?

-Банк, санхүүгийн зах зээлд 2010 онд 3.2 их наяд төгрөгийн зээл эргэлдэж байсан бол 2025 оны байдлаар 40 орчим их наяд төгрөгийн зээл эргэлдэж байна. Зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо ихэссэн ч зээлийн хүү ерөөсөө буураагүй. Яг 17 хувь дээр гацсан. Тухайн үед хүү нь 17 хувьтай байсан бол өнөөдөр яг тэр хэвээрээ л байж байна. Үүнийг тодорхой хэмжээнд доош нь буулгах, зээлийн хүүний хязгаарыг барьж байдаг хууль зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Арилжааны банкууд 2024 онд нийтдээ нэг их наяд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Сагслаад үзвэл Хаанбанк  638 тэрбум, Голомт банк 406 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 298 тэрбум, Хасбанк 171 тэрбум  Төрийн банк 107 тэрбум төгрөгийг ашиг олсон байна.

Судалгаагаар арилжааны банкуудад хадгаламж эзэмшдэг нийт иргэний 100 орчим нь л хэт өндөр хадгаламжтай байдаг. Бусад нь бага хадгаламжтай гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хууль батлагдвал хэт өндөр хадгаламжтай 100 орчим иргэний л орлого буурна. Эсрэгээрээ зээл олгож байгаа арилжааны банк болон зээл авч байгаа иргэн, ААН, бизнесийнхэний нуруунаасаа том дарамт авч хаяна. Хадгаламжид байгаа мөнгө хөрөнгө оруулалт руу шилжинэ, ядуурал буурна, эдийн засаг ч зөв голдиролд орно. Өнөөдөр дэлхий нийтээрээ мөнгө хүүлэлтийг буюу хэт өндөр хүүг хүн хүнээ мөлжих ёс, боолчлох арга зам гэж үзэж байна. Сүүлийн 45 жилийн хугацаанд 90 улс орон Мөнгө хүүлэлтийн эсрэг бие даасан хуультай болсон байна.

-Зээлийн хүүг бодлогоор зохицуулах газар бол Монгол банк. Гэвч Төв банк энэ дээр бүтэлгүйтсэн шалтгаан юутай холбоотой вэ?

-Монгол банк зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах хөтөлбөр 2018-2023 онд  хэрэгжүүлсэн. Зээлийн хүүг 5-7 нэгж хувиар бууруулна гэж амласан. Гэвч зээлийн хүү буураагүй, дундаж хүү 17 хувьтай байна. Саяхан Монгол банкны удирдлага солигдсон. Өмнөх удирдлага нь зээлийн хүү бууруулна гэсэн амлалтаар УИХ-ыг зургаан жил хуурсан. Одоо зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулна гэсэн Монголбанкны үгэнд хууртах хэрэггүй. Зах зээл өндөр хөгжсөн АНУ, Баруун Европын орнууд, Япон, Хятадад ч зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлаад тогтоодог. “Энэ бол дундад зууны үеийн Европын орнуудаас эхлэн хэрэгжсэн туршлага” гэдгийг зоригтой хэлэх цаг болсон байна.

Үндсэндээ зээлийн хүү зах зээлийн зарчмаар буурна гэж хүлээх нь “бухын доодохыг хар үнэг турж үхнэ” гэдэг үлгэртэй ижил хэрэг болсон юм байна. Ер нь ямар ч улс орны Төв банк зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулна гэж тооцдоггүй, ингэж ярьдаг ч үгүй. ДНБ-ий өсөлт буурч, ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн идэвх буурсан тохиолдолд зөөлөн мөнгөний бодлого явуулж бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авдаг. Үүнийг дагаад арилжааны банкууд ч хүүгээ бууруулдаг. Гэвч манай улсад бодлогын хүүг дагаж зээлийн хүү буурдаггүй. Яагаад гэвэл  хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүүг өндөр байлгахаас өөр сонголтгүй ийм гацаа үүсгээд яваа. Нэгэнт бодлогын хүүг дагаад зээлийн хүү буурахгүй байгаа бол зээлийн хүүд дээд хязгаар тогтоох механизм ашигладаг.

-Манайхан туйлширдаг. Ж.Бат-Эрдэнэ ээ, чи ийм жишиг хаанаас бодож олов. Гаднын туршлагууд чинь хаана байна гэсэн тулгалт, улстөржилтэй асуултууд танд ирнэ байх. Ийм хөшүүрэг хэрэглэсэн улс орнуудын баримт, жишээг бас нийгэмдээ өгч байх хэрэгтэй болов уу?

-Зээлийн хүүг хуульчлан тогтоож, хатуу барих бодлогыг дундад зууны үеэс Европын орнууд хэрэглэж ирсэн. Өнөөдөр дэлхийн 90 гаруй улс орон зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг хэрэгжүүлж байна. Эдгээр улс орнууд “бодлогын хүү + 4"-өөс дээш гарвал зээлийн хүү мөнгө хүүлэлт хэлбэр лүү орж байна гэж үздэг. Жишээ нь, АНУ Хүний эрхийн тунхаглалдаа “Өндөр хүү бол мөнгө хүүлэлт буюу хүн хүнээ мөлжих харгис ёс” гэж заасан. АНУ-ын бүх муж ийм хууль мөрддөг.

Энэ бол шинэ хөшүүрэг биш, анхны юм ч биш. Түүх сөхвөл бүүр 13-р зуунаас эхлэлтэй. Эртний Английн эрх зүйд бусдаас аливаа нөхөн төлбөр авахыг мөнгө хүүлэх гэмт хэрэгт тооцдог байсан гэдэг. 13-р зуунд худалдаа, арилжаа хөгжин тэлэхийн хэрээр зээлийн хэрэгцээ ч ихэссэн байгаа юм. Эндээс мөнгө хүүлэх тухай ойлголт гарч, үүнийг өөрчлөхийн тулд 1545 онд Англи “Мөнгөний хүүний дээд хязгаарыг хуулиар тогтоосон” байдаг. Энэ туршлагыг л өрнөдийнхөн болон бусад улс орнууд хэрэгжүүлээд байгаа юм. Бид ч гэсэн энэ шилжилтийг хийх цаг ирсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 6 цагийн өмнө
Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг 6 цагийн өмнө
Бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа 7 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ 7 цагийн өмнө
Хучлагатай автомашинаа асааж дотор нь суусан хоёр иргэн угаартаж нас баржээ 8 цагийн өмнө
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болгов 9 цагийн өмнө
Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 11 цагийн өмнө
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын хуралдаан болно 15 цагийн өмнө
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй Өчигдөр
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно Өчигдөр
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ Өчигдөр
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ Өчигдөр
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага бүртгэгджээ 2026/01/05
Нэгдүгээр сард халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж олгох хуваарь 2026/01/05