Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид 5 жилийн ойн баяртаа зориулан “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, Унгар Улсын Будапешт хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийж байна.

Энэхүү номонд баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээлийн чуулган юм. Энэхүү номонд,
Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд..” “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга,
Ерөнхий редоктар Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг,
сэтгүүлч Б.Цогтбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг,
сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг,
сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл” хөрөг,
сэтгүүлч Гүнжидийн “Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг,
сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг
сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг,
сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч”,
сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга,
сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн “Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх” тэргүүтэй 32 хөрөг багтсан.
Сүүлчийн нүүдэлчид номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлж, Олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос редакторлаж, англи, монгол хэл дээр хэвлүүлэн нийтлээд байна.
Монголчуудын амьдралын ховор содон түүхийг өгүүлэх энэхүү ном нь монголын төдийгүй дэлхийн ховор сонин сэдэв эрж, хайдаг уншигч, зохиолч, судлаачдад гарын авлага болох сэтгүүл зүйн баримтат бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэл дээр сэтгүүл зүйн бүтээл болгон хэвлүүлж буй анхны хөрөг ном гэдгээрээ онцлог болж байна.
Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид
2021 онд “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээл 10 цуврал,
2023 онд “Монголын шилдэг нийтлэл” ТББ-аас эрхлэн гаргадаг 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд,
2024 онд 88 дугаар ботид сэтгүүлчдийн бүтээлийг I, II дэвтэр,
2024 онд “Эргэлт сонин”, “Дөрвөн өөр намар” яруу найргийн түүвэр,
2021-2025 онд сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаахыг эрмэлзсэн, Монголын хамгийн олон хуудастай, эрэн сурвалжлах “Эргэлт сэтгүүл”-ийн дөрвөн дугаарыг хэвлүүлэн уншигч олны хүртээл болгож байв.
