Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2026.11.19)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.00 цагт 67.0 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцов. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нарын 47 гишүүнээс энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан тухай мэдээлэв. Тогтоолын төсөлд хууль сахиулах байгууллагуудын зарим үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлийн асуудлыг хянан шалгах тухай түр хороо байгуулж ажиллуулахаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлийг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Уг хүсэлтийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр тогтжээ.

Үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө өгөх тухай Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний шалтгаан, үндэслэлийн талаар Улсын Их Хурлын 30 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хугацаанд явуулсан үйл ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд улс орны болон Монгол Төрийн тэргүүний нэр хүндийг өндрөөр өргөснийг цохон дурдацгааж байлаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх итгэдийн итгэл суларсны шалтгаан, үр дагавар, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайд байсан хүний угсарсан дэглэм, авилга, хээл хахуулийн хор хөнөөл зэрэг олон асуудлыг хөндөж байв. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө өгч буй энэ үйл явдал цаашид төрийн өндөр албан тушаалтнуудад үлгэр дуурайлал болох ёстойг ч Улсын Их Хурлын гишүүд онцолж байсан юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан зохицуулалтын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нараас дэлгэрэнгүй тайлбар авав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн тэргүүн байх стандарт шаардлагыг У.Хүрэлсүх Монгол Улсад байтугай дэлхийд тогтоосон хэмээн өгүүлж, түүний ёс зүйн манлайлал улс төрчдад үлгэр жишээ болж буйг дурдав. Тэрбээр МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын гишүүдийг сахилга, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг зөвлөлөө.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа явуулсан бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч дурдаж, нэг Монгол нэг гэр бүл нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан ажиллахыг уриалав.

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хууль баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсгов. Хуулийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар санал хэллээ. Гишүүдийн саналыг цаашид харгалзах шаардлага байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэсэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд үг хэлж, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх Монгол Төрийн сүлд, далбаанд хүндэтгэл үзүүлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхилоо.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.