Угаарын хий нь нүүрс болон бусад органик бодисын дутуу шаталтын дүнд үүсдэг өнгө, үнэр, амтгүй, хортой хий юм. Иймээс угаарын хийг хүний мэдрэхүйгээр шууд илрүүлэх боломжгүй тул урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмших, угаарын хийн мэдрэгч ашиглах нь чухал ач холбогдолтой.
Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн орчны аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний Аврах Бригад нь Скай Хайпермаркет ХХК буюу Имарттай хамтран төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 1,500 өрх, Сонгинохайрхан дүүргийн 1,000 өрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 1,000 өрхөд угаарын хийн мэдрэгчийг хуваарилан, түгээх, суурилуулах ажлыг эхлүүлнэ.
Манай багийнхан зорилтот айл өрхүүдэд биечлэн хүрч ажиллаж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулахын зэрэгцээ төхөөрөмжийн зөв хэрэглээ, галлагааны аюулгүй байдал болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмж хүргэнэ.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн энэхүү төслийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин, хамтран ажиллаж буй Имарт компанид талархал илэрхийлье.