Bloomberg.com сайт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын 95-р тогтоолд хориг тавьсан асуудлаарх үйл явдлыг мэдээлснийг орчуулан хүргэж байна.
2025 оны 10 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн зарчим болон хууль журмын дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын санал хураалтад хориг тавьснаар Монгол Улс улс төрийн хямралд орлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас 10 дугаар сарын 17-нд болсон УИХ-ын санал хураалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдсэн. Тус мэдэгдэлд парламентын холбогдох байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй шийдвэр гаргасан байхад, уг шийдвэрийг зөрчин санал хураалт явуулсан нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж дурджээ.
Тамгын газрын мэдээлснээр, анхны хэлэлцүүлэгт кворум хангагдаагүй мөртлөө дараагийн өдөр эцсийн санал хураалт явуулсан нь мөн Үндсэн хууль болон журам зөрчсөн үйлдэл болсон гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохын тулд УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй. Зүүн Азийн уг улсад гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг ердөө дөрвөн сарын дараа огцруулах санал өгсөн юм. Түүнийг огцруулах саналыг гаргах үндэслэлд шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилохдоо парламентаар хэлэлцүүлэхээс өмнө мэдээлсэн зэрэг асуудлууд багтжээ.
Ерөнхийлөгчийн хориг болон өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга огцорсон нь улс төрийн тогтворгүй байдлыг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулах эрсдэлтэй болоод байна.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн албан тушаал нь намаас ангид байх зарчмаар тогтоогдсон ч, энэ удаагийн хориг нь намын нөхөр Г.Занданшатарын талд орсон, харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг байр суурь илэрхийлсэн гэж үзэгдэх магадлалтай байна.Д.Амарбаясгалан өнгөрсөн есдүгээр сард нам дотор болсон санал хураалтаар Г.Занданшатарын оронд Монгол Ардын Намын удирдлагыг гартаа авчээ.
Б.МӨНХТУЯА