ШТС-ууд шатахууныг хязгаарлалттай болон огт олгохгүй байгаа талаар жолооч нар шүүмжлэлтэй хандаж буй. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: "Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.
АИ-92 автобензиний 10-р сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.
Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна.
Иймд зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Шатахуун импортлогч ААН-үүдтэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно. Цаашид олон жилийн турш яригдаж бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна" гэв.