“Үндсэн хуулийн цэц”-ийн зургаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамааралтай
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан шийдвэр буюу УИХ-ын 95-р тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Уг хоригийн үндэслэлдээ: “УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар бус ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэдэг саналын томъёолллоор санал хураасан.
Мөн 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж, тус хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар маргааш нь буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль зөрчсөн” гэжээ.
Гэвч уг маргаанд хэд хэдэн асуудал бий талаар өчигдар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийсэн. Тэрээр, Нэг ноцтой асуудал байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн асуудал буюу УИХ-ын чуулганы хуралдах хүчин төгөлдөр ирц байхад чуулганы хуралдааныг сунган хуралдуулах шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг зөрчлөө гэсэн байсан. Энэ асуудлыг УИХ нэг талдаа гаргаад авлаа гэж тооцоход Г.Занданшатар дарга үлдэх юм шиг байна. Д.Амарбаясгалан даргын асуудал бас хэвээрээ үлдэх ёстой. Мөн адил энэ асуудалд хориг тавигдах ёстой. Тухайн өдөр хэлэлцсэн бүх асуудал мөн адил хоригт орно гэсэн үг юм. Мөн Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн О.Мөнсайхан ашиг сонирхлын зөрчилтэй. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Ингэхдээ тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатартай гэрээгээр ажиллаж байсан” гэсэн юм.
Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц их хуралдаанаар шийдвэрлэхээр болсон.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг тодорхой албан тушаалтнуудыг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг шууд Их суудлын хуралдаанаар хэлэлцдэг хуультай. Уг маргааныг маргааш буюу 10 сарын 22-ны 09:30 цагт нээлттэй явуулахаар болоод буй.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Үүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвын УДШ-ээс санал болгон томилдог
УИХ-аас: Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон
Ерөнхийлөгчөөс: Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа
УДШ-ээс: Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар, О.Мөнхсайхан нар томилогджээ.
Эндээс харвал УДШ-ээс томилогдсон гишүүд дунд ч Ерөнхий сайд Г.Занданшатарт зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан О.Мөнхсайхан гишүүн багтжээ. Тиймээс маргаашийн ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар аль нэг талд нөлөөлөлгүй түүхэн шийдвэр гарахыг азнаж байна.