Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах тухай УИХ-ын гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын танхимд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр “үнэн, зарчимтай байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ итгэлцэл дээр үндэслэн УИХ түүнийг 94 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон.
Бид Засгийн газрын ажлыг тогтвортой байлгахыг хүсэж байгаа хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой авлигын шинжтэй асуудал үүсээд байна.
Тодруулбал: 2024 оны 9-р сарын 9-нд гаргасан А/72 тушаалаар сургуулийн менежментийг сайжруулах нэрийдлээр 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа мэдэгдсэн. Энэ санхүүжилтийг 120 сургуулийн нэр дээр 10,10 саяар тарааж, дараа нь “Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв” ТББ руу буцаан татан төвлөрүүлсэн нь ил болсон. Үүнийг авлигын шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн холбогдох гэрээ, баримтууд ч ирсэн байгаа. Ерөнхий сайдын “үнэн байх” гэсэн зарчмыг үндэслэн Боловсролын сайдыг огцруулах шаардлагыг албан ёсоор гардуулж байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Боловсролын сайд П.Наранбаярт холбогдох хоёр дахь асуудал бол ЭЕШ-ийн зохион байгуулалт юм. УИХ-ын чуулганы индэр дээр ч хэлэгдсэнчлэн шалгалтын мэдээлэл алдагдсан, Хуучин ажиллаж байсан байгууллагатайгаа үгсэн хуйвалдаж, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй баримтууд байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын төслүүдэд хууль бус өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл байгаа.
Түүнчлэн: Боловсролын салбарыг улстөржүүлж, Хууль бус томилгоо хийдэг, Хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгааг онцолж байна. Иймээс П.Наранбаяр нь Боловсролын сайдын албыг үргэлжлүүлэн хаших боломжгүй гэж үзэж, огцрох ёстой гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:“Алтан гахай” жилд төрсөн 42,000 орчим хүүхэд энэ жил ЭЕШ өгсөн нь түүхэн их тоо байлаа. Энэ бол Монголын ирээдүй, үнэт баялаг. Гэтэл хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон асуудлууд гарсан гэв.