БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана

С.Жамъяаннацаг
7 цагийн өмнө

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл өглөө.

Т.Даваадалай: Сэлбэ хот төсөл ач холбогдлын хувьд нийслэлийн 24 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ 

Мэдээлэл өгөх үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа 24 мега төслөөс ач холбогдлын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь Сэлбэ хотын төсөл юм. Уг төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “20 минутын хот”-ын анхны хот болно. Улаанбаатар хотод 1965-1985 оны хооронд бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа. Үүнээс хойш анх удаа тэр хэмжээний бүтээн байгуулалтыг 158 га талбайд баригдах Сэлбэ хотоор эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, 3, 4 дүгээр хорооллыг Бичил хороололтой нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хот барих гэж байна. Сэлбэ хотод зөвхөн орон сууц бус цахилгаан, дулаан хангамж, цэвэр, бохир усны байгууламж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хэрэгцээт үйлчилгээний төвүүдийг байгуулна. Сэлбэ хот төслийг 45 багц ажилд хуваасан. Эхний 11 багц ажил нь инженерийн дэд бүтэц, дараагийн зургаан багц нь нийгмийн дэд бүтэц, 20-45 дугаар багцууд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх худалдаа, үйлчилгээний төвүүд зэрэг байна. Олон улсад бонд босгож, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлээс орлого олох байдлаар 2.3 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ. Урьдчилсан байдлаар тооцоолоход 20 орчим их наяд төгрөгийг хувийн хэвшил гаргаж хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Нийт 25 их наядын бүтээн байгуулалт болно.

Монголын барилгын салбарын холбоодын хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагч талтай хоёр удаа цахим уулзалт хийж, 3, 4 дүгээр багц тендерийг тав хуваах зөвшөөрлийг авсан. Мөн үүнийг “Сэлбэ хорин минутын хот” ХХК-ийн ТУЗ-өөр танилцуулж, дэмжүүлсэн. Эхний багцад есөн давхар 71 айлын 11 ширхэг блок, нийт айлын тоо 781, хоёрдугаар багц есөн давхар 71 айлын 12 ширхэг блок, нийт айлын тоо 852, гуравдугаар багц есөн давхар 71 айлын 14 ширхэг блок, нийт айлын тоо 994, дөрөвдүгээр багц есөн давхар 71 айлын 16 ширхэг блок, нийт айлын тоо 1136, тавдугаар багцад есөн давхар 71 айлын 6 ширхэг блок, нийт айлын тоо 994 байхаар төлөвлөсөн. Ойрын хугацаанд хоёр багцыг тав хувааж тендерийг хуулийн дагуу зохион байгуулна.

Улаанбаатар хотоос үндэсний барилгын компаниуд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол Улсад нэмүү өртөг шингээх бодлогыг бүх мега төслийн гэрээний хавсралтад тусгасан. Жишээлбэл, Сэлбийн бүтээн байгуулалтад анхнаасаа тендер зарлахдаа дотоодын ажиллах хүч 40 хувиас доошгүй, үндсэн бараа материал 35 хувиас доошгүй, машин механизм 40 хувиас доошгүй гэж зааж өгсөн. “Сэлбэ 20 минутын жишиг хот” төслийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулан хамтран ажиллах зорилгоор нийт 26 багцыг хамарсан 41.15 га талбайг төлөвлөсөн. Уг талбайд бүтээн байгуулалтад хамтран ажиллах урилгыг зургаадугаар сарын 9-нөөс selbecity.mn цахим платформоор олон нийтэд нээлттэйгээр зарлаж, давхардсан тоогоор хувийн хэвшлээс 198 санал, хүсэлтийг албан ёсоор хүлээн авсан. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс барилга угсралтын чиглэлээр 46, барилгын материал 34, хөрөнгө оруулалт 18, цахилгаан шат 5, авто зам, гүүр 4, гадна талбайд тохижилт үйлчилгээ хийх компаниуд 12, цахилгаан 12, бусад 48 хүсэлтийг тус тус ирүүлжээ. Төрөөс газар, дэд бүтцийг нь шийдэж өгөх эдгээр 26 багц дээр манай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаж, бүтээн байгуулалт хийгээд, нийслэлд тодорхой хувийг дүйцүүлж өгөх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, анхны “20 минутын хот”-ын бүтээн байгуулалтад оролцохыг урьж байна" гэв.

 У.Баатар: Сэлбийн 26 багц ажилд давхардсан тоогоор 198 байгууллага санал, хүсэлтээ ирүүлээд байна

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар "Сэлбийн 26 нэгж талбайд давхардсан тоогоор 198 байгууллага санал, хүсэлтээ өгсөн. Хамтарч ажиллах аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлийн санал Сэлбэ хотын бүтээн байгуулалтад хамгийн чухал учраас хүсэлтийг үргэлжлүүлэн авна. Энэ 26 нэгж талбай буюу 26 багцад хийх ажлыг 40-50 болгож задлах ч магадлалтай. Учир нь зарим багц талбайн хувьд том, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй зэрэг санал хүсэлтүүд ирсэн. Үе шаттайгаар төслүүдээ хэрэгжүүлнэ. Сэлбэ хот дараа дараагийн хотуудын жишгийг бүтээхүйц цогц хотын төсөл болох ёстой. Хөрөнгө оруулагч компаниудаас санхүүгийн шаардлага, тухайн чиглэлдээ үйл ажиллагаа явуулах нэр хүнд нь зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг үзүүлэлтийг шаардана. Эдгээр ажилд ажлын хэсэг байгуулж, барилгын салбарынхан, тухайн чиглэлийн төрийн бус байгууллагынхан хамтарч ажиллаж, санал хүсэлтээ илэрхийлсэн" гэлээ. 

Ч.Наранбаатар: Барилгын салбарынхны хувьд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд түүхэн хариуцлага үүрэх үе ирээд байна

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар "Дөрөвдүгээр сарын 20-ноос хойш Сэлбэ хотын төсөлд монгол компаниудыг түлхүү оролцуулах саналыг нийслэлийн удирдлагуудад тавьж, хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд бидний саналыг хүлээн авч, хоёр багц байсан тендерийг таван хэсэгт хувааж, монгол компаниудыг оролцох боломжоор хангаж байна. 1960-1980 онуудад Монголын барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байсан. Энэ үеийг санагдахуйц, барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчрах Сэлбэ хотын бүтээн байгуулалтад дотоодын компаниуд, монгол барилгачид ийнхүү нэгдэж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг гүйцэтгэх нь мөн маш их давуу талтай. Монгол компаниуд маань энэ боломжийг алдалгүй, чанартай, сэтгэлтэй, түргэн хугацаанд амжилттай ажлуудаа гүйцэтгэхийг хүсэж байна. Энэ нь барилгын салбарынхны хувьд түүхэн хариуцлага юм. Нийслэлийн удирдлагууд, “Сэлбэ 20 минутын хот”-ынхонтой байнгын нээлттэй, ойрхон ажиллаж Сэлбэ хот төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд төр, хувийн хэвшил хамтарч идэвхтэй оролцож, бүтээн байгуулалтаа өрнүүлэхийг хүсэж байна" гэв.

Г.Батсүх: Монголын эрх ашигт нийцсэн чанартай орон сууц, бүтээн байгуулалтыг нийлүүлэхэд хяналт тавьж ажиллана

“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх "Бидний хувьд Монголын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж, энэхүү хүрээнд Засгийн газар болон нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах саналыг удаа дараа тавьж ирсэн. 2024 онд Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй гэрээ байгуулж, үндэсний компаниудыг томоохон төслүүдэд оролцуулах, төслүүдийг ФИДИК буюу олон улсын гэрээний зохицуулалтаар хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласан. Сэлбэ дэд төвийн тендерүүдэд Монголын барилгын салбарынхны оролцоог нэмэгдүүлэхийн тулд бид саналаа нэгтгэж, энэ асуудал өнөөдөр үр дүнд хүрч байна. Бид тендер зарлагдаж, шалгаруулалт явагдаж дуусах хүртэл, цаашлаад барилга, бүтээн байгуулалтын чанар гээд бүх тал дээр хяналт тавьж ажиллаж, эцсийн дүндээ Монголын эрх ашигт нийцсэн, ард түмний эрх ашигт нийцсэн чанартай орон сууц, барилга бүтээн байгуулалтыг нийлүүлэхэд хяналт тавьж, анхаарч ажиллана" гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Батсүмбэрэл: П.Наранбаяр сайд Боловсролын салбарыг улстөржүүлж, Хууль бус томилгоо хийдэг 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 6 цагийн өмнө
Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя 7 цагийн өмнө
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 7 цагийн өмнө
Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна 7 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна 7 цагийн өмнө
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана 7 цагийн өмнө
Л.Оюунжаргал: Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилнэ 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 9 цагийн өмнө
ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 10 цагийн өмнө
"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа 10 цагийн өмнө
С.Ганбаатар: Би жижигхэн улс төрч биш! Намайг бүх талаар шалга харин би У.Хүрэлсүхийг шалгуулна 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагджээ 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ 12 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 12 цагийн өмнө
3x3 Шигшээ багийн тамирчин ​Э. Дөлгөөн шилбэний булчингийн гэмтэл авч ДАШТ-ээ өндөрлүүллээ 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татахыг Элчин сайд нарт үүрэг болголоо 13 цагийн өмнө
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ 13 цагийн өмнө
ЗГ: Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батална 14 цагийн өмнө