БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.ЧИНБАТ: ХҮН СОНИРХОЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН ЗҮЙЛДЭЭ Л АМЖИЛТ ГАРГАДАГ

Г.Оюунтуяа
2026/05/27

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.

-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?

Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.

Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.

-Таны ажлын нууц жор?

Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.

Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.

-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?

Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.

-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?

Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.

-Таны ажлын онцлог?

Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.

Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.

Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.

-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?

Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.

-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?

Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.

-Бусдад санал болгох шинэ санаа?

Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 22 цагийн өмнө
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ Өчигдөр
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08