УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын Гишүүн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.
Тус төвийн хамт олон 23 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд жилд дунджаар 40 гаруй мянган хүнд хүрч ажилладаг. Уулзалтын үеэр алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, эрт илрүүлэг оношилгоог тогтмол зохион байгуулах, эм ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг эмч нар онцоллоо. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 2023 оноос гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш нийгмийн даатгал, эрүүлийн мэндийн даатгалын өр төлбөрүүд үүсэж, санхүүгийн хувьд хүндрэлтэй ажиллаж байгаа талаар дурдаад бодлого, зохицуулалт хэрэгтэй байгаа гэлээ.
Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмч ажилчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулсан. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс 30 хувиар, 09 дүгээр сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлж 3 сая төгрөгт хүргэх зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
НЭМГ-аас Налайх дүүргийн ЭМТ-д 214 сая төгрөгийн үнэ бүхий HYUNDAI STARIA маркийн түргэн тусламжийн шинэ автомашин өгсөн бөгөөд цаашид амьсгалын аппарат, нярайн СРАР, унтуулгын аппарат, зөөврийн ЭХО, эрчимт эмчилгээний хяналтын монитор, амьсгалын CO2 хэмждэг аппарат, бартаат зам туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.