БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв

Г.Оюунтуяа
40 минутын өмнө

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг  Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Өнөөдрөөс 101 жилийн өмнө 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчид анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь үндэсний ой санамжид үүрд тод дурсагдах түүхэн гавьяат үйл хэрэг билээ.

Эртний түүхт, Их Монголын гал голомтыг бадраасан бидний өвөг дээдэс түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн чиг баримжаандаа нийцүүлэн 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан тусгаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үе дамжин, дархлан бэхжүүлж ирснийг бид хэрхэвч мартах учиргүй.

1990 оны цагаан морин жил Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилал, эрх чөлөөт нийгмийг сонгож, дэлхийн жишигт нийцсэн төрийн удирдлагын хэлбэртэй болох түүхэн замыг нээсэн. 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж эхэлдгийг Та бид мэднэ.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх” үндсэн эрх, үндсэн зарчим, нийгмийн гэрээ болсон шинэ Үндсэн хуульдаа тунхаглан заасан билээ.

Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага-парламентаараа уламжлан, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрыг байгуулах, засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагуудын харилцан уялдаа хамаарал, үүрэг, хариуцлага, хяналт тэнцлийг хангахад оршдог. Нөгөө талаас  ард түмний элч төлөөлөгчид болсон парламент өөрийг нь сонгож байгуулсан иргэд, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн хамгаалах, сайн сайхан амьдралын үндсийг бүрдүүлэх явдал билээ. 

Аливаа түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн утга учир нь зөвхөн амрах, баярлах бус өчигдөр ба өнөөдрийн огтлолцол дээр алдаа оноогоо дүгнэж, тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харж, шинэ түүхээ бүтээхэд оршдог. 

Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсон миний бие парламентыг 

Нэгдүгээрт, Олон ургальч үзэл, мэргэжлийн мэтгэлцээний чөлөөт индэр, өргөн талбар байлгах

Хоёрдугаарт, Шинжилгээ судалгаа, шинжлэх ухаан, их өгөгдөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн өргөн оролцоо үндэслэн тулгуурласан цаг үе, хэрэгцээ шаардлагад яв цав нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

Гуравдугаарт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

Дөрөвдүгээрт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн болгон төлөвшүүлэх

Эдгээр үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж, парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх зүтгэх болно.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгахын төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний гарт байдаг Бүгд найрамдах засаглалын мөн чанар, жинхэнэ утга учрыг ямагт санаж, Монгол Улсын иргэний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгах нь энэ удаагийн парламентын үндсэн зорилго байх болно.

Улсын Их Хурлын баталсан хийдэл давхардалтай, хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилнө. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь түлхүү үлдээн, санхүүгийн хувьд бие даах боломжийг нээх, данхар, том төрийг ухаалаг, цомхон төр болгох, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нээлттэй болгох, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог хумих, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, өмчлөх эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах зэрэг хөгжил дэвшил, шударга ёс, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан эрх зүйн иж бүрэн багц өөрчлөлтийг өрнүүлэх болно.

Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газрын бодлого, 4 жилийн үйл ажиллагааны биелэлтэнд хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно.

Эрх чөлөөт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэндийг дахин хүргэе.

Мөнх тэнгэрийн Монгол орон мандан бадрах болтугай!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 40 минутын өмнө
Г.ЗАНДАНШАТАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ИЛҮҮ ЦАГИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ТЭРБУМ, ОНОШЛУУРТ 400 САЯ ТӨГРӨГ ГАРГАНА 17 цагийн өмнө
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна 18 цагийн өмнө
И.Мишээл: “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна 18 цагийн өмнө
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цагийн өмнө
ЦЕГ: Банк, санхүүгийн байгууллагын нэрийг ашиглан залилах тохиолдол нэмэгдэж байна 21 цагийн өмнө
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 21 цагийн өмнө
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна 22 цагийн өмнө
П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО 23 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймгийн "Шинэ Улаангом зах" -д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
НИТХ: Ирэх онд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар баталжээ 23 цагийн өмнө
“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ 23 цагийн өмнө
Баруун болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны сургалт болно Өчигдөр
С.Бямбацогт: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ 1 УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АР ГЭРТ НЬ ӨВЛҮҮЛНЭ Өчигдөр
Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд тохижилтын ажил дууслаа Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БҮХ ШАТАНД САХИХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ Өчигдөр
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАЛАА Өчигдөр