Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн Харнүдэн гэдэг газар 2 дугаар сарын 15-нд худгийн шавар цэвэрлэхээр орсон 30 настай залуу лаг шаварт шигдэж, хөдөлж чадахгүй болсон байна. Түүнийг гаргаж чадаагүй тул хүмүүс 17:15 цагт аврагчдад ханджээ.
Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр очиж, уг хүнийг аварлаа. Тэр 1х1 метрийн харьцаатай, 4 метр гүн худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хүртлээ шигдсэн байжээ.
Аврагчид түүнийг гаргаж авахаар бүтэн 1 хоног ажиллаж, 2 дугаар сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргажээ. Эмч түүнд анхан шатны тусламж үзүүлээд, сумын эмнэлэг хүү авч явжээ. Тус сумын эмнэлгээс уг хүний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж Онцгой байдлын газарт эргэн мэдээлсэн байна.