Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож буй. Тэгвэл энэ удаад гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Засгийн газрын XI байранд байрладаг Хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүлжээ. Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” сонголтыг хийх бөгөөд хүсэлтийг зөвшөөрч, хэвлэсэн талаар мэдэгдэл очсоны дараа киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох юм. Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хүсэлт илгээсэн иргэн/ нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг оруулах бөгөөд тухайн утасны дугаарт нэг удаагийн код ирснээр баталгаажуулалт хийж систем рүү нэвтэрнэ. Ингэснээр гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2-5 минутыг дотор хурдан шуурхай, газар дээр нь хэвлэн авах боломж бүрдэж байна