Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал, даншиг наадам зургаадугаар сарын 21, 22-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт болно. Наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт, харин үндэсний болон буриад, өвөрмонгол бөхийн барилдаан, цам харайх ёслол тэргүүтэй шашны зан үйлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, сур, шагайн харвааг сур, шагайн асарт зохион байгуулна. Тус наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь удаагаа болох нь ээ. Өмнө нь 2017, 2019 онд наадмыг цэнгэлдэхэд зохион байгуулж байсан юм. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, буриад болон өвөрмонгол бөхөд 64 хүчтэн зодоглох юм. Шагайн харвааны спорт энэ жилийн Даншиг наадмын хөтөлбөрт шинээр багтсанаараа онцлогтой. Ташрамд сонирхуулахад, “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн наймдугаар сард болдог байсныг 2025 оноос өөрчилж байгаа юм.