Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдлын талаар салбарын мэргэжилтнүүд ярилцаж, санал солилцлоо.
Тус хэлэлцүүлгийн үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү ярихдаа, “Барилгын салбарын стандартын эрх зүйн орчин бол бүхэл бүтэн тогтолцоо юм. Өнөөдрийн байдлаар манай салбарт 404 барилгын норм, дүрэм хүчинтэй үйлчилдэг. Байнгын шинэчлэл хийж, шинэ норм дүрэм боловсруулж байдаг. Гэвч эдгээр нь цаг үеийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол бий. Норм дүрмийн уялдаа холбоо хангалтгүй байх, техник, технологийн дэвшил, улс орны хөгжилтэй холбоотойгоор тодорхой зорилтуудын хүрээнд шинэ норм дүрэм шаардлагатай байдаг. Мөн одоогийн норм дүрмүүд хоорондын уялдаа холбоо тааруу. Хэлэлцүүлгийн үр дүнд барилгын салбарын стандарт улам боловсронгуй болж, тасралтгүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.