2026.11.24-ны өдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хамт Төв аймагт ажиллаж, аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, 2027 оны төсвийн зорилт, орон нутагт хийх ажлын талаар санал солилцлоо.
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бид өвдсөний дараа эмчилдэг тогтолцооноос өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, эрсдэлийг эрт илрүүлдэг, иргэндээ ойр, хүртээмжтэй тусламж үзүүлдэг тогтолцоо руу шилжихийг зорьж байна.
Энэ хүрээнд дараах чиглэлд онцгой анхаарч ажиллана.
Анхан шатны тусламж, үйлчилгээ: 2027 оны төсөвт 556 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан 818.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Сумын иргэн шаардлагатай тусламжаа заавал аймгийн төв, Улаанбаатар хотыг зорихгүйгээр орон нутагтаа авах боломжийг нэмэгдүүлнэ.
Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг: Аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулж, эх, хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлийн эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын ажлыг системтэй хэрэгжүүлнэ.
Яаралтай тусламж: Сумдаас аймгийн төв хүртэлх зай, газар зүйн онцлогт тохируулан түргэн тусламжийн бэлэн байдал, эмнэлгийн хүчин чадал, өвчтөн шилжүүлэх тогтолцоог сайжруулна.
Эмийн үнийн дарамтыг бууруулах: 2027 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 248.8 тэрбум төгрөг төсөвлөж, 240 мянга гаруй иргэнийг зорилтот бүлгийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлөхөөр төлөвлөж байна.
Төв аймгийн хувьд жирэмсний хяналтын эхний гурван сарын хамрагдалт 95.9 хувь, хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 91.5 хувьтай байгаа нь сайшаалтай. Харин 36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 79.6 хувь байгаа тул хамрагдаагүй хүүхэд нэг бүрийг илрүүлж, нөхөн үзлэгт хамруулах шаардлагатай.
Э.Батшугар: Эрүүл мэндийн бодлого зөвхөн Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагын ажил биш. Боловсрол, нийгмийн хамгаалал, байгаль орчин, зам тээвэр, орон нутгийн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой.
Иймд аймгийн удирдлага, сумдын Засаг дарга, төрийн байгууллагууд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг орон нутагт бодит үр дүн болгохын төлөө нягт хамтран ажиллах нь чухал.
Төсөв нэмэгдэх нь эцсийн үр дүн биш. Харин иргэн шаардлагатай тусламжаа цаг алдалгүй авч, хүүхэд эрүүл өсөж, өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээний зардлын дарамтгүй амьдрах боломж бүрдэх нь бидний ажлын бодит үр дүн юм гэв.