БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эх орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарыг хамгаалах ариун үйл хэрэгт амьдралаа зориулсан Вангийн торгуудын Бурдууд элхэний төлөөлөл, ахмад тэмцэгч Хонгион Чойрог агсаны хөшөөг Ховд аймгийн Булган сумын нутаг дахь “Баатруудын хөшөө”-нүүдийн дунд байрлууллаа.
Малчин ардын гэр бүлд төрж өссөн Х.Чойрог нь 1944 онд Ардын туслах группын гишүүнээр элсэж, эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт хүчин зүтгэж байв. Тэрбээр зөвхөн зэвсэг барин тулалдаад зогсохгүй, хилийн цаана дүрвэн гарсан болон суурьшсан нутгийн иргэдийг эх нутагт нь эргүүлэн авчрах, орон нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг хариуцлагатай, чухал үүргийг журмын нөхдийн хамт нэр төртэй биелүүлж байсан ахмад тэмцэгч юм.
Түүний эх оронч үйл ажиллагааны нэгэн тод жишээ нь, 1944 оны 6 сард болсон Ховог сайрын ажиллагаа юм. Энэ үеэр Гоминданы Хятадын цэргийг эх нутгаасаа шахан гаргах тулалдаанд оролцож, дайсны ихэнх хүчийг бут цохин, тэднээс 70 гаруй винтов буу, 3000 орчим сум олзолсон талаар "Хилчин" сэтгүүлийн 2013 оны тавдугаар сарын дугаарт тэмдэглэн үлдээсэн байдаг. Олзолсон зэвсгийг тухайн үед зэвсгийн хомсдолтой байсан Ховог сайрын босогчдод хуваарилан өгсөн нь баруун хязгаарын хил хамгаалалтад үнэтэй хувь нэмэр болжээ.
1946 оны зуны нэгэн үйл явдал түүний эр зориг, шийдэмгий зан чанарыг илүү тод харуулдаг. Булган сумын айл өрхүүд зусланд гарсан тэр үед хасгийн зэвсэгт дээрэмчид малчин Мятавын Ширнээгийн хонин сүргийг хариулж явсан Ж.Батлай, н.Цогтбал нарыг хил давуулахыг завджээ. Х.Чойрог энэ тухай мэдээг авсан даруйдаа журмын нөхдөө зохион байгуулж, Чингэл голын эхэнд дээрэмчдийг гүйцэж тулалдан, хоёр залуу болон хонин сүргийг нь эсэн мэнд буцааж авчирсан байдаг. Хожим Ж.Батлай Хөдөлмөрийн баатар, Цогтбал нь Налайхын Уурхайчин болсон нь тухайн үйл явдлын гэрч болж, үнэ цэнийг улам тодотгон харуулдаг юм. Тухайн үед Х.Чойрог Ховд аймгийн Булган сумын 6 дугаар багийн даргаар ажиллаж байсан бөгөөд хилийн чанад дахь тусгай ажиллагааг хэрэгжүүлэх Ардын группын намын хэсгийг ахлан удирдаж байжээ. Энэ нь түүнийг зөвхөн зоригтой дайчин төдийгүй зохион байгуулагч, удирдах чадвартай хүн байсныг гэрчилдэг.
Энх цаг ирсэний дараа ч тэр эх орондоо үнэнчээр зүтгэсэн хэвээр байлаа. Мал аж ахуйгаа хөгжүүлж, мал сүргээ өсгөн үржүүлэхэд идэвхтэй хөдөлмөрлөсний үр дүнд 1941, 1943 онуудад Улсын сайн малчдын зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож, 1941 онд Калибр буугаар шагнуулсан тухай архивын баримтад дурдсан байдаг.
1950-иад онд Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, Булган суманд "Жаргалын зам" нэгдэл байгуулагдахад Хонгион Чойрог өөрийн олон жилийн хөдөлмөрөөр өсгөн үржүүлсэн 1000 толгой малыг 1954 онд сайн дураар нийгэмчилжээ. Тэрээр нэгдлийн гишүүн болж, хоньчноор ажиллан мал сүргээ өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх төлөвлөгөөт үүргээ нэр төртэй биелүүлсээр байв.
Эх орноо хамгаалах ба энхийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Онц хилчин тэмдэг, ойн медалиуд болон бусад шагналаар шагнасан байдаг. Эдгээр шагнал нь зөвхөн нэг хүний гавьяаг үнэлсэн хэрэг бус, улсын баруун хил хязгаарыг хамгаалан тэмцсэн үеийнхний хамтын зүтгэлийн илэрхийлэл юм.
Х. Чойрогийн амьдралын замнал нь эх оронч үзэл, шударга хөдөлмөр, хүнлэг зан чанарын нэгдэл байлаа. Тэрээр зэвсэг барьж эх орноо хамгаалсан дайчин, мал сүргээ өсгөн ард олныхоо аж амьдралд хувь нэмрээ оруулсан хөдөлмөрч малчин, нутгийн олондоо түшиг болсон удирдагч хүн байсан юм.
Өнөөдөр түүний нэр зөвхөн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нарынх нь бахархал төдийгүй Монгол Улсын баруун хил хязгаарын хамгаалалтын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан эх орончдын нэгэн төлөөлөл болон дурсагдах учиртай. Түүний үйл хэрэг нь эх орон, тусгаар тогтнол, хөдөлмөрч зан чанарыг нь дурсан зээ хүү болох Ж.Мөнхбат, гэргий Л.Баярцэцэг нар санаачлан өвөөгийнхөө хөшөө, дурсгалыг Ховд аймгийн Булган суманд 2026 оны 08 дугаар сарын 31-нд байрлуулж байгаа бөгөөд үр хүүхэд, ач зээ, хайртай дотны хүмүүс нь дэмжиж, хандив туслалцаа үзүүлэн хамтран сайн үйл хэрэг бүтээв. Монгол хүн бүр улс орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж явсан түүхэн баатруудаа дурсан санаж, үеийн үед хүндлэн дээдэлж явах учиртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 1 цагийн өмнө
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE 2 цагийн өмнө
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ 2 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее 2 цагийн өмнө
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) 2 цагийн өмнө
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй 4 цагийн өмнө
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна 5 цагийн өмнө
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно 5 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цагийн өмнө
ЭМДС-аас даатгуулагчдын 21,4 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав 8 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 69 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол болно 9 цагийн өмнө
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА 2026/08/28
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 2026/08/28
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 2026/08/28
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2026/08/28