БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой лам, хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурааж, туульчид Аргил Цагаан өвгөн тууль хайллаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, Хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын эх бичгийг аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардууллаа.

Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд Буман цагаан судар, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Хар Зүрх хайрхан бол монголчуудын төрт ёсны ариун гал голомт, Эзэн Богдыг Чингис хаан хэмээн өргөмжилсөн түүхт нутаг. Энэ хайрхан уулын цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул, овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм дээд үүрэг мөн гэдгийг онцоллоо.

Тэрбээр тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт хүлээлгэн өгч, мөн аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Онц тээвэрчин, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хайрханд гурвантаа мэхийн ёсолж, дахин хүндэтгэл үзүүлснээр Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн ёслол өндөрлөлөө.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Монгол Улсын хааны ордонд бичсэн төрийн албан түүхэнд өгүүлснээр Хар зүрх уул орчмын газар нутаг нь Хамаг Монгол Улсын төрийг 1189 онд сэргээн байгуулж, Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн, монгол төрийн өлгий нутаг.

Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг гэж үздэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 58 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 1 цагийн өмнө
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 5 цагийн өмнө
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 5 цагийн өмнө
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 7 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 9 цагийн өмнө
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 9 цагийн өмнө
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо Өчигдөр
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 2026/08/19
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 2026/08/19
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 2026/08/19
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 2026/08/19
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 2026/08/19