БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

COP17-ын хүрээнд өнөөдөр “Бэлчээрээс дэлхийн зах зээлд: Монголын тогтвортой ноолуурын ирээдүй” уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Уулзалт, хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан үг хэлэв.

Монголын ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, малчдын төлөөлөл болон олон улсын зах зээлийн оролцогчдын оролцоотой хэлэлцэн тодорхойлох зорилготой энэ уулзалтаар “Тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ: Мал аж ахуйгаас дэлхийн зах зээл хүртэл” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны гадаад харилцааны менежер Н.Анударь, “Сүхбаатар аймагт малчдын оролцоонд түшиглэсэн Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх ажлын туршлага” сэдвээр “Дасан зохицохуйн зам: Малчин-Мал-Тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн удирдагч Б.Батхишиг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

COP17-ын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлгээр зах зээлийн эрэлтэд суурилсан малын чанар сайжруулах, мал үржүүлгийн мэргэжлийн үйлчилгээг малчдад хүртээмжтэй хүргэх, чанартай түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг бий болгох чиглэлээр цаашид хөгжүүлэх боломжтой түншлэл, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлсноороо ач холбогдолтой болов. Тухайлбал, орон нутгаас ирсэн малчид бэлчээрийн доройтол, байгаль, цаг уурын өөрчлөлтөд зохицож, ямаан сүргийн тоо толгой, сүргийн бүтцийг хадгалах, үүлдэр угсааг сайжруулах, ноолуурын гарц, чанарыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж байв. Энэ талаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд өсгөн үржүүлдэг цагаан ямааны жишээн дээр тулгуурлан ярилцсан. Олон улсын оролцогчдын хувьд ноос, ноолуурын үйлдвэрлэлийн экологид үзүүлэх нөлөө, зах зээлийн үнэ, бодит өртгийн харьцаа, эдийн засгийн ач холбогдлын талаар сонирхож, энэ талаар үйлдвэрлэгчид болон ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос хариулт авлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Монголын тогтвортой ноолуурын салбарын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар гол оролцогчдын стратегийн санал, зөвлөмжийг нэгтгэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд нийлүүлэгдэж буй түүхий ноолуурын 40 орчим хувийг бүрдүүлдэг. Ноолуурын анхан шатны үйлдвэрлэлд Монгол Улс, БНХАУ голлох байр суурь эзэлдэг бол өндөр үнэ цэн бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр Итали, Их Британи зэрэг орнууд тэргүүлж буй юм.
Малын гаралтай түүхий эдэд суурилсан хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт нийцүүлэн өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, эх орон даяар хэрэгжүүлж байна.

Хөдөлгөөний үр дүнд дотоодын үйлдвэрүүд 6,000 тонн орчим ноолуур бэлтгэж, нийт түүхий эдийн 70 орчим хувийг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч боловсруулсан нь түүхэн үзүүлэлт болсон. Мөн самнасан ноолуурын экспортын орлого 2025 оны эцэст 332.5 сая ам.доллар болж өссөн. Мөн ноолуурын үйлдвэрлэл өнгөрсөн онд биет хэмжээгээр тав дахин нэмэгдэж, 4023.4 тоннд хүрсэн юм. Харин арьс ширний салбарт 1.2 сая ширхэг богийн арьс, 500 мянган ширхэг бодын шир түүхий эд бэлтгэх нөхцөл бүрдэж, ноосны салбарт 20,000 тонн хонь, тэмээний ноос, хөөвөр бэлтгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 24 минутын өмнө
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 4 цагийн өмнө
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 5 цагийн өмнө
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 6 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 8 цагийн өмнө
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 8 цагийн өмнө
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо Өчигдөр
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 2026/08/19
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 2026/08/19
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 2026/08/19
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 2026/08/19
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 2026/08/19
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/08/19