"Бид чинь дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны үр удам шүү дээ" хэмээн хэвлүүхэн огшиж, үүх түүхээ судлах нь хичнээн чухал болохыг олон хүнд ойлгуулсан эссэ бичлэгийн эзэн ДХИС-ийн 12В ангийн сурагч Г.Тэмүүлэн фокуслаж байна
- Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу
-Намайг Гончигдоржийн Тэмүүлэн гэдэг. Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн. 9 дүгээр анги ангиа төгсөөд 10 дугаар ангидаа Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуульд элсэн оролцож сурч байгаа. Одоогоор 12В ангид Энхтуул багшийн удирдлага дор суралцдаг.
-Төгсөх ангийн сурагч. Мэргэжлээ сонгосон уу?
Би хуульч мэргэжлийг сонгочихсон байгаа.
-Түүхийн хичээлд дуртай юу? Түүхд дурлах, судлах шалтгаан юу байсан бэ?
Түүхийн хичээлд дуртай. Манай өвөөгийн аав нь тайж хүн байсан. 1937 онд хэлмэгдүүлээд нас барж байсан. Өвөө аав хоёр маань намайг бага байхад “чи ийм хүний удам ийм манай удмынхан ийм түүхтэй ийм учир утгатай хүмүүс байдаг юм шүү” гэж ярьдаг байсан. Одоо тэрийг нь бодоод л ер нь түүхэд дуртай болсон.
Багадаа яриаг нь ер ойлгодоггүй байсан. Тайж хүн гэж ямар хүн юм бол оо гээд. Том болох тусмаа түүхийн хичээл үзээд судлаад эхлэнгүүт ямар утга учиртай ямар үйл хэрэг хийж байсан энэ хүмүүсийн гавьяа зүтгэлүүд нь юу юм гэдгийг мэдэх тусам бүр их судлахыг хүсдэг болсон.
Манай ээж намайг бага байхад Чингис хаан гээд цуврал байдаг байсан юм. Тэр номыг авч уншуулдаг байсан. Тэгээд түүх судлах болсон шалтгаан маань гэр бүлийнхэнтэй маань л холбоотой доо. Ээж аав маань их сайн тусалж дэмждэг байсан.
-Сая оролцсон түүхийн олимпиодынхоо талаар яриач?
Сая БЗД-ийн хэмжээнд ЕБС-ийн ахлах сургуулийн хүүхдүүд дунд олимпиад болсон. Нийт 1000 гаруй хүүхэд оролцоод би дэд байранд шалгарсан.
-Олимпиад нь сэдэв сугалаад шууд бичсэн байсан. Сэдвийн тухайд маш том сэдэв. Чиний хувьд маш товч бөгөөд тодорхой уран яруу бичсэн байсан. Бичиж байх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-1911 оны тусгаар тогтнол бол манай улсын түүхэнд шинэ хуудас нэмсэн хөдөлгөөн байсан. Яагаад гэхээр 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөн байгаагүй байсан бол өдийд бид нар тусгаар тогтносон улс байгаа ч уу үгүй ч үү? Монгол гэдэг үндэстэн одоо дэлхийн тавцнаа улсынхаа туг далбааг намируулаа ч уу үгүй ч үү гэдгийг бол маш их бодох хэрэгтэй. Тийм учраас би 1911 оны хувьсгал тусгаар тогтнолын хөдөлгөөн сэдвийг сонгосондоо маш их баярласан. Яагаад гэхээр манай өвөөгийн аав тайж хүн байсан гэж дээр ярьсан. 1911 оны хувьсгалт хөдөлгөөнд оролцож байсан гэдэг юм. Тийм болохоор би өвөг дээдсийнхээ хийсэн үйл хэргийг зүгээр нэг мартаад өнгөрөх биш хойч үедээ сануулж, түгээхийг маш их хүсдэг.
- Чиний эссэг жүжигчин Э.Тодгэрэл маш гоё уншсан байсан. Сонсоод ямар мэдрэмж төрөв?
-Төгсөх анги болохоор ЭЕШ-ын сургалтуудад их явдаг. Орой гэртээ харьж байсан чинь манай найз явуулаад андаа энэ чи юу гэхээр нь орж үзээд би нээрээ ингэж бичсэн билүү гэж бодогдсон. Үнэхээр гоё уншиж өгсөн мөн дүрсжүүлж өгсөн болохоор илүү амьтай болсон байх гэж бодож байгаа. Жүжигчин Э.Тодгэрэл ах болон А.Гансүх ахад маш их баярлалаа.
- Эх орныхоо юугаар илүү их бахархдаг вэ?
- Эх орныхоо нүүдэлчин аж ахуй морьтны соёлоор нь л их бахархдаг. Бид тулгар төрөө байгуулаад 2000 гаруй жилийн түүхтэй болсон. Өдийг хүртэл морьтойгоо, нүүдэлчин аж ахуйтайгаа амьдарч ирсэн. Нэг харамсмаар зүйл нь манайд соёлын даяарчлал маш их байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Бидний үе тэнгийнхэн гадны соёлыг илүү их даган дуурайх, гадагшаа л явах хүсэлтэй болсон байна лээ. Тодорхой хувь нь түүхээ, морьтны соёл, нүүдэлч аж ахуйтай хүмүүс гэдгээ мэдэхээ больчихсон. Монгол гэрээ ч мэдэхээ больсон.
Би өөрөө хөдөө өссөн. Анх хотод орж ирээд ангийнхаа хүүхдүүдтэй Монгол хэлний хичээл дээр ярьж байсан юм. Тэгсэн ангийн нэг хүүхэд Монгол гэрийн тооныг хараад “монгол гэрийн дээр байдаг бөөрөнхий цонх байна” гэж байсан. Тэр миний сэтгэлд аягүй сонин буглаж байсан. Бид дэлхийтэй хөл нийлүүлэх нь зөв ч үндэсний дархлаагаа сайн тогтоох хэрэгтэй гэж боддог.
-Зарим талаараа ном унших дургүй хүмүүс эсвэл түүх уйтгартай гэж бодож сонирхдоггүй хүмүүс байдаг. Яавал илүү сонирхолтойгоор түүхийг мэдэж болох вэ? Зөвлөгөө өгвөл?
-Ном унших дургүй бол ютүб дээр подкастууд түүхийн тухай нэвтрүүлэг, өгүүллэгүүд сонсвол их гоё. Би өөрөө хөдөө байнгын ном унших завгүй байдаг. Ажил хийхийнхээ хажуугаар подкастаа сонсдог. Ер нь өвөг дээдэс, тэр хүмүүсийн дэлхийд ямар агуу зүйл бүтээсэн бэ гэдгийг мэдээд авчихвал түүхээ судлахад арай ойр болох юм болов уу? Бид нар чинь дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны удам шүү дээ.
-Эссэнийхээ төгсгөлд бичсэн Т.Галсан гуайн хоёр мөрт их гоё байсан?
-Эссэний хугацаа дуусахад нэг минут үлдэж байна гэхэд “ёонк” гээд орж ирсэн. Би өөрөө шүлэг бичих, шүлэг унших дуртай.
Морь байхгүй бол би зуурдын явган
Монгол минь байхгүй бол би үүрдийн өнчин.
-Өөрт тохиолдсон бахархалтай, сонирхолтой түүхээсээ хуваалцаач?
-Өмнө жил Аугаа эх орны дайнд ялсан 80 жилийн ялалтын баяр болсон. Монголоос тухайн баяр луу хоёр бүрэлдэхүүн явсан юм. Нэг нь 032 дугаар ангийн бүрэлдэхүүн нөгөө нь болохоор манай Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн бүрэлдэхүүн Гандаваа хурандаагийн удирдлага дор явсан. Бид нар бол ОХУ-д мэдээж улсынхаа нэрийг гаргах гэж явж байгаа. Нэгт эх орны нэр төр, Хоёрт их сургуулийн нэр төр, Гуравт манай сургуулийн нэр төр гэж бодож явж байсан. Бид нар маш их бэлтгэл хийж, хөлс хүчээ урсгасны эцэст Оросын талбай дээр баярын өдөр алхах маш гоё байсан. Оросын төв талбай руу явахдаа Монгол Улсынхаа төрийн далбааг би залж явсан. Тэгэхэд надад маш их бахархал, омогшил төрж байсан. Харь орны хөрсөн дээр Монгол улсынхаа далбааг намируулаад явж байх надад маш бахархалтай хүндэтгэлтэй санагдаж байсан.
Тэр парадны үеэр би далбаагаа аваад нэг амралтын байдалтай зогсож байхад над дээр гурван буриад хүү ирсэн юм. Над дээр ирээд өөрсдийгөө Буриад гээгүй бид Монголчууд л гэж байсан. Тэгэхэд надад би нээрээ хүний нутагт биш өөрсдийнхөө ахан дүүсийн нутагт л байгаа юм байна гэж бодогдсон. Эрхүү мужийн Анкарск хотод болсон юм. Тэр гурав харахад дүр нь Монгол, цус нь Монгол, нэр нь ч Монгол байсан. Тэгээд өөрсдийгөө танилцуулаад бид нар найзууд болсон. Нэг бодлын бахархалтай нэг бодлын аймар харамсмаар байсан. Яагаад гэхээр бид Монгол гэдэг энэ газар шороон дээрээ тусгаар тогтнолоо хамгаалж үлдэж чадсан бол хилийн чанадад байгаа ахан дүүс маань тарсан шагай шиг энд тэнд харийн орны нөлөөн дор өөртөө засаглах статустай оршиж байгаа гэдгийг тэгэхэд л сайн ойлгосон доо. Тэгээд Монгол гэдэг зургаан үсэгтэй үгийг хилийн чанадад гараад хүн илүү сайн ойлгодог юм байна. Би зүгээр нэг хөрш орон руугаа л гарахад л ойлгож байгаа юм чинь Дэлхий даяар тархан суусан ахан дүүс минь илүү сайн ойлгодог байх аа.
Өвөг дээдсийнхээ алдаа дутагдлыг бид нар судалж байж, цаашид одоо, ирээдүй, улс эх орноо хөгжүүлэхэд тэр алдаа эндэгдлийг нь дахин давтахгүй. Тиймээс бид нар үүх түүхээ судлах ёстой. Түүх гэдэг зүгээр нэг өнгөрсөнд болсон үйл явдал биш. Энэ бол хойчийн бид нар үргэлж санах ёстой үнэ цэн.
Бид дэлхийн оддыг даган дуурайхаасаа өмнө өөрсдийнхөө өвөг дээдэс, удам судраа судлах хэрэгтэй. Бид нар Манжийн үед ургийн бичгээ хөтлөхөө больсон, социализмын үед бас ургийн бичгээ хөтлөхөө больсон. Тэгэхээр хүмүүс удам судраа сайн мэдэхээ больчихсон.
Азарганы хүрээгүй газар унага нь хүрдэг
Аавын хүрээгүй газар хүү нь хүрдэг ээ гэдэг үгийг санаж явдаг даа.
-Түүхээ судлах нь чухал шүү гэж үе тэнгийнхэндээ уриалвал?
Үе тэнгийнхэн болон ах, эгч нар, дүү нартаа хандаж хэлэхэд үүх түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа адил гэж В.Инжаннаш гуай хэлсэн байдаг. Тэрний адилаар бид нар үүх түүхээ судлах хэрэгтэй. Түүх судлах маш сонирхолтой байдаг шүү. Хамтдаа түүхээ судалцгаая гэж уриалж байна аа.
-Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна