УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Eрөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий.
Харамсалтай нь өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.
Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.
Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино.
Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:
9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;
9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;
9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэжээ.