БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.03.26) Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, "Зүрх судасны Үндэсний төв"  байгуулах төслийн явцтай танилцлаа.


Хүндэт зочид, төлөөлөгчид болон Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нарыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон угтан авч эмнэлгийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн үр дүн, явцын талаар мэдээлэл танилцуулсан юм.


Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 онд эхэлсэн Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах таван үе шаттай төслийг Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны удирдлага дор 25 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм байна.

Мэс заслын эмнэлэг нэртэйгээр 1954 онд байгуулагдсан үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийнхээ талаар П.Н.Шастины нэрэмжит Монгол Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчнүүдийн гуравдугаарт зүрх судасны өвчлөл ордог бол нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог баримтыг тэрбээр тодотгоод Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа энэ төсөл нь манай улсын зүрх судлалын хөгжлийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн болохыг тэмдэглэсэн. Хоёр улсын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бүх насныханд зүрх судасны чиглэлээрх тусламж, үйлчилгээг эх оронд нь өндөр түвшинд үзүүлэх боломжтой болж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ олон улсын түвшинд чадавхжуулан, мэргэшүүлж байгаагаа дурдав.



Сүүлийн таван жилийн хугацаанд тус эмнэлэг иргэдийн гадаад улс руу зорьж очиж хийлгэдэг зүрх судасны хагалгааг нийтдээ 6500 гаруй удаа даатгалын зардлаар хийснээр 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг эх орондоо үлдээсэн талаарх тооцооллыг танилцуулж байв. Энэ бүхэн нь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Францын Страсбургийн их сургуулийн урт хугацааны дэмжлэг, туслалцааны үр дүн болохыг тэмдэглэж байв. Улсын гуравдугаар төв эмнэлэг нь оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг байна. Энэ нь монгол хүн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаагийн илрэл болохыг Ц.Төмөр-Очир захирал тэмдэглэж байсан. Энэхүү дэвшилтэт технологиудын ихэнх хувь нь Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийн хүрээний үйл ажиллагаа эзэлдэг гэдгийг онцолсон. 


Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 оноос таван үе шаттай төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн шат нь 21 аймаг 9 дүүргийг хамран амжилттай хэрэгжээд байгаа юм байна. Төслийн тав дахь шат нь “Зүрх судасны Үндэсний төв"  байгуулах төсөл юм байна.

Монгол Улсын Их Хурал 2025 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар 25 жилийн турш хэрэгжүүлж буй төслийн тав дахь шат хэрэгжих боломж бүрджээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч, “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн удирдагч Д.Мөнгөнчимэг холбогдох мэдээлэл, төслийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2025-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийт 120 ортой эмнэлэг барьж байгуулах юм байна.



Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Мөн эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэл буурна гэлээ. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгчид тав тухтай, эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл буурах ач холбогдолтой юм байна.


Энэхүү төсөл манай хоёр орны хамтын ажиллагааны маш чухал хэсэг болохыг Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэмдэглэж байв.



Эмнэлгийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн үр дүн, явцын талаарх мэдээлэл танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Зүрх судлалын тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцсан юм.





Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Нэнси Аренд, Свен Клемент, Александра Скоос, Лиз Браз болон Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейланд нар, албаны хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 35 минутын өмнө
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 1 цагийн өмнө
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно 2 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 17 цагийн өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 18 цагийн өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 19 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 19 цагийн өмнө
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 20 цагийн өмнө
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа Өчигдөр
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна Өчигдөр
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Улс орон даяар дуут дохио дуугарна Өчигдөр
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ Өчигдөр