Артист 113 буюу Э.Очирваань хүүхдийн дуу болох “Тоглоом” болон “Маамуу нааш ир” дууг өөрчилж, ёс бус үг хэллэг ашигласан дуулсныг олон нийт шүүмжлээд буй билээ.
Энэ асуудалтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хуулиудыг үндэслэн зөвлөмж гаргажээ.
1. Уран бүтээл туурвихдаа Монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэн, бүдүүлэг, доромж, садар самуун утга агуулгатай үг хэллэгийг олон нийтэд түгээхээс зайлсхийх;
2. Олон нийтэд түгээх уран бүтээлийн агуулга, илэрхийллийн хэлбэрийг ёс зүй, соёлын хэм хэмжээнд нийцүүлэхийг эрмэлзэж, садар самуун, хүчирхийлэл, гэмт үйлдэл, мансууруулах бодисын хэрэглээг сурталчилсан агуулга бүхий бүтээлийг түгээхгүй байх;
3. Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, ялгаварлан гадуурхах, доромжлох, үзэн ядах хандлагыг өдөөх агуулга, илэрхийллээс татгалзах;
4. Монгол үндэсний болон угсаатын соёл, уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлсийг үл хүндэтгэсэн агуулга, илэрхийлэл хэрэглэхээс татгалзах;
5. Цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх контентын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж, аливаа уран бүтээл, контент нь нийтийн соёл, үнэт зүйлс, хүүхэд, өсвөр үеийн төлөвшилд нөлөөлөх чухал хэрэгсэл болохыг ухамсарлан, уран бүтээлчийн ёс зүй, хариуцлагыг баримтлах;
6. Уран бүтээлдээ ашиглаж буй хөгжмийн аялгуу, үг, яруу найраг, бичлэг, дүрс бичлэг болон бусад бүтээлийн оюуны өмчийн эрхийг хүндэтгэх;
7. Үндэсний соёл, үнэт зүйлсийг таниулан түгээн дэлгэрүүлсэн, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд уриалсан контент, уран бүтээл туурвихыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна