Өчигдөр Хөгжлийн банкны хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Энэ талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Улс төрийн захиалгаар шүүж ялласан ч яадаг юм” гэж цагаандаа гарч байгаагаа шүүх зарлаж байгаа бололтой. Н.Алтанхуягийг цагаатгасан шүүх нь яг 2 жилийн дараа яг өөрийнхөө гаргасан цагаатгалын шийдвэрээ ичгүүргүйгээр хүчингүй болгож байна. Н.Алтанхуяг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөнө гэсэн учир. Гэгээн цагаан өдөр арай ч дээ. Г.Занданшатар Н.Алтанхуягийг ямар нэг аргаар нэр дэвшүүлэхгүй байх санаатай гэсэн мэдээлэл байсан юм. О.Алтангэрэл ч мэдэгдэл хийгээд байсан. Тийм улаан цайм юм гэж юу байхав, блээф гэж бодож байсан чинь үнэн болж таарлаа.
2020 оны УИХ-ын сонгуулиар ч манай нэр дэвшигчдийг улаан цайм хууль зөрчин шүүхийн шийдвэрээр барьж хорьсон. Манай нам арчаагүйтээд яаж ч чадаагүй. Түүнээс хойш Ардчилсан намыг “гөлөг шиг” үзэж зоргоороо дээрэлхэж, доромжилдог явдал цадигаа алдсан. Энэ нам ийм байгаагүй юм. Арслан барс шиг арсалдаж, нэр дэвшигч байтуйгай, жирийн гишүүдээ ч хамгаалж чаддаг нам байсан юм. Намын дарга О.Цогтгэрэл ээ. Нэр дэвшигч нараа хууль бус дарамтаас хамгаалж чадахгүй арчаагүй намыг сонгогчид ч итгэж сонгодоггүй юм. Өөрийгөө ч хамгаалж чаддаггүй арчаагүй намаар тэнэг ард түмэн л төр удирдуулах биз.
Ардчилсан намын УИХ-ын гишүүд ээ. Хүн айдсаар өөрийгөө авардаггүй юм. Айдсаар чинь нэг бол заяагүй урвагч боол болгоно, үгүй бол хөнөөдөг юм. Та нар айвал сонгочид чинь та нараас дайжих болно. Үүнийг мэдээд МАН энэ аргыг байнга хэрэглэдэг боллоо. Бас МАН та нарын ухаантай царайлсан, үнэндээ арчаагүй зулгуйч байдлыг чинь андахаа болиод, түүгээр чинь тоглодог болчихлоо. Та нар үүнийгээ мэдэж байгаа юу. Одоо бүгдээрээ нэг болон тэмцэж, Монголын шүүхийг зайдалсан МАН-ын хандыг нь дарах хэрэгтэй. Орчин цагт Шүүхийг гартаа хийх замаар дарангуйлал тогтоодог улс төрийн технологи хаяагүй тогтож байгаа. Та нар бүгдээрээ талбай дээр гарч ирээд тэмцэхэд, үгүйдээ МАН-ын аархалд дарлуулсан гишүүд, олон түмэн дагахад бэлэн байгаа. Тэд тэсрэхэд бэлэн байгаа. Гэхдээ тэднийг зоригжуулах, дагуулах, хамгаалах манлайлагч улс төрийн хүч алга.
Одоо та нар зоригтой байхгүй гудайх ахул, ард түмнээ манлайлах цагт нь манлайлж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд байтугай, 2028 оны УИХ-ын сонгуульд ч ялахгүй. Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй. Тэгэж байхаар шууд непалдах хэрэгтэй. Шүүхийнхэнд хэлэхэд, та нарыг гэмт хэргийнхээ гар хөл болгож байгаа улстөрчид, ээлж нь болоход та нарыг ч бас золиослох болно" гэжээ.