БЕРН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Швейцарын баруун өмнөд нутагт орших Кран-Монтана цанын баазын Le Constellation гэдэг бааранд пүрэв гарагт шилжих шөнө гал гарсан байна. Баарны хонгилд 1:30 цагийн үед утаа дэгдэж, гал богино хугацаанд газар авчээ.
Орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан Ройтерс агентлагийн мэдээлснээр, гал түймэрт өртөн 40 орчим хүн амиа алдаж, 100 орчим хүн түлэгдэж бэртжээ. Олон хүн хүндээр түлэгдсэн бол маш ихээр түлэгдсэн зарим цогцсыг хэн болохыг нь таних боломжгүй байна.
Эмгэнэлт явдал болох үед бааранд 100 орчим хүн байжээ. Галд өртсөн хүмүүсийг тээвэрлэхээр 10 нисдэг тэрэг, түргэн тусламжийн 40 машин ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 150 гаруй эмч, аврагч оролцож байгаа тухай Швейцарын албаны хүмүүс мэдээллээ. Ойролцоох Вале муж улсын /кантон/ эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг галд нэрвэгдсэн хүмүүсээр дүүрэн байна.
Урьдчилсан мэдээллээр, пиротехникийн хэрэгслийг /салют/ буудуулах үед гал дэгдсэн бололтой, гэхдээ эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж Вале кантоны Ерөнхий прокурор Беатрис Пиллуд мэдэгдээд, үүнийг террорист халдлага хэмээн үзэх үндэслэл алга гэв. Баарны гэрэл зургийг харвал, дотор заслыг нь голдуу модоор хийсэн байна.
Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байснаа цуцалж, хэргийн газарт яаравчлан очжээ. “Баяр хөөр авчрах ёстой тэр мөч эмгэнэлт явдал болон хувирсан нь улс орныг бүхэлд нь болон хилийн чанад дахь хүмүүсийг цочроолоо” хэмээн тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Иймд, иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүр ажиллаж, амьдарч буй орчныхоо аюулгүй байдал, эрсдэлийг үнэлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Хэрэв эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст хандан заавар мэдээлэл авахыг зөвлөж байна.