Өнгөрсөн долоо хоногт холимог тулаанч Г.Чинзориг олон нийтийн газар машин дээрээ бие зассан мөн найзыгаа зодож буй бичлэг нь цахим орчинд түгсэн билээ. Энэ талаар ЦЕГ-н УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа.
Тэрээр, "Энэ сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд машин дээр бие засаж буй мөн тодорхой хорооны нутаг дэвсгэрт бусдын биед халдаж буй бичлэгүүд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбогдуулан тухайн асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Өнөөдрөөс холбогдох үндэслэлд тулгуурлан прокурорын байгууллагат үргэлжлүүлэн хорих санал хүргүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэгтэн тамирчин байна уу? Ямар нэгэн цол зэрэгтэй байна уу гэдгээс хамаарч хуулийг өөрөөр хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн ял шийтгэл оногдуулдаг" гэв.