БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ



Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан.

Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    1.Макро эдийн засгийн нөхцөл байдал

Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна. 


    2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд:

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан.

Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хоршоо" зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна.  

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм.

    3. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд:

Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.


    Төрийн албаны реформын хүрээнд:

Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий.

    Татварын реформын хүрээнд:

Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно.

    Дотоодын бизнесийг дэмжих бодлого

Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.

    Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд:

Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.

    Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай.

    Эрхэм Ерөнхий сайд аа,

Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье.

Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна Өчигдөр
“Спейшл майнинг сервис” ХХК нь Гурвантэс сумын нутагт зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж дахин ноцтой зөрчил гаргажээ Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна Өчигдөр
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ Өчигдөр
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо Өчигдөр
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна Өчигдөр
ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно Өчигдөр
Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна 2026/02/05
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна 2026/02/05
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав 2026/02/05
Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа 2026/02/05
Зарим нутгаар цасан шуурга шуурна 2026/02/05
2030 он хүртэл Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан 2026/02/05
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ӨГСӨН ҮҮРГИЙН ДАГУУ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫГ НЭМЭГДҮҮЛЖ 103 ДУГААРТ ИРСЭН ДУУДЛАГАД ОЧИХ ХУГАЦААГ ҮЕ ШАТТАЙ БАГАСГАЖ БАЙНА 2026/02/05
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 2026/02/05
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй "Business breakfast" уулзалт болно 2026/02/05
“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА 2026/02/04