АНУ-ын Төрийн департамент виз мэдүүлэгчдээс барьцаа хөрөнгө шаардах "Визийн бонд" хөтөлбөрт хамруулсан орнуудын жагсаалтдаа шинээр 12 улс нэмсний дунд Монгол Улс багтсан байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барууны бус орнуудаас ирэх цагаачлалын хяналтыг чангаруулсан ээлжит томоохон алхам болж байна.
Жагсаалтад багтсан орнуудын иргэд АНУ-д зорчих виз мэдүүлэхдээ 15 мянган ам.доллар хүртэлх дүнтэй барьцаа байршуулах юм. Тиймээс 2026 оны IV сарын 2-ноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө консулын зааврын дагуу барьцаа байршуулсан байх ёстойг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.
Өмнө нь АНУ дийлэнхдээ Африкийн орнуудаас бүрдсэн 50 улсыг "Визийн бонд" хөтөлбөрт анхлан хамруулаад байсан бол энэ удаа Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикийн арлууд, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис гэсэн 12 улсыг нэмсэн байна.