БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.18) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

 Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль (2004 онд шинэчлэн найруулсан)-ийг тус тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьжээ. Үүнээс хойш Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 1995 оны Төрийн нууцын тухай хуульд байгаагүй “албаны нууц” хэмээх шинэ нэр томьёо тодорхойлогдон, практикт одоо хэрэглэгдэж байгаа аж. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд “…Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.2-т ““албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлсон боловч “байгууллагын ашиг сонирхол” болон “салбарын ашиг сонирхол” зэрэг нэр томьёо, ойлголтын тодорхойгүй байдлаас үүдэн төрийн байгууллагын удирдлагаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэт өргөнөөр албаны нууцад хамааруулах явдал нийтлэг байна. Учир нь “албаны нууц”-ыг тодорхойлох шалгуурыг хуульчлаагүйгээс төрийн байгууллага, агентлагийн дарга нар албаны нууц хэмээх ангилалд хэт өргөн хүрээний мэдээллийг хамруулж, иргэний мэдэх эрхийг зөрчих явдал их байна.

Өнөөгийн байдлаар “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага бүр өөрийн зоргоор мэдээлэл нууцлах тохиолдол цөөнгүй байна” гэж дурджээ. Тодруулбал, хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор албаны нууцад авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авилга, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын албаны нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэлбэр, мөн хуулийн 28-30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

 

Хуулийн төсөл нь 39 зүйлтэй бөгөөд төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ. Тухайлбал,  Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хүрээнд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь хуулиас хассан байна. Мөн төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлж, парламентын хяналтыг бүрэн тогтоосон хэмээлээ. 

Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлэхээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр төрийн нууцын жагсаалтыг салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэн батлах зохицуулалтыг хүчингүй болгосноор төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн үзэл санаа баталгаажна хэмээн тайлбарлалаа.

Хуулийн төслийг дагалдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон хуульд заасан нэр томьёог жигдлэх, зохицуулалт хоорондын уялдааг хангах зорилгоор нийт 43 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна 2 цагийн өмнө
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2 цагийн өмнө
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ 5 цагийн өмнө
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа 5 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ 5 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт явагдана 7 цагийн өмнө
Менингитын халдвар гарсан Жаргалан сумын сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ 8 цагийн өмнө
Д.БАТ-ЭРДЭНЭ: ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС АЛБА ХААГЧДЫНХАА АЖЛЫН ЖАРГАЛ, ЗОВЛОНГ ГАДАРЛАДАГ НЬ ДАВУУ ТАЛ БОЛДОГ 8 цагийн өмнө
ЗГ: Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно 10 цагийн өмнө
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна Өчигдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна Өчигдөр
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг Өчигдөр
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо Өчигдөр
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна Өчигдөр