Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн хэл ярианы хөгжлийг хамгаалах, дэмжих төрийн бодлогын хэрэгжилтийг уялдуулах, эрүүл мэнд болон хэлний бодлогын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, хэл засалч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм.