Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 18 мянга орчим иргэнд үйлчлэх “Эхэн босго” өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай боллоо.
Иргэд гэрийнхээ ойролцоо тав тухтай орчинд үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө авах боломж нэмэгдэж, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч байна.
Бидний зорилго бол иргэнийг өвдсөнийх нь дараа эмнэлэгт ирэхийг хүлээдэг бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэдэг анхан шатны тусламжийн тогтолцоог бэхжүүлэх юм.
Энэ хүрээнд:
• Нэг иргэнээр тооцох санхүүжилтийг 12 хувиар нэмэгдүүлсэн.
• 1,500 хүн ам тутамд нэг эмч, нэг сувилагч ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, харьяа иргэдээ бүрэн бүртгэсэн төвийн санхүүжилтийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болсон.
• 2027 оны гуравдугаар сарын 1-нээс санхүүжилтийг бүртгэлтэй иргэдийн тоонд үндэслэн олгоно.
• Хүүхдийн томуу, суулгалтын өдрийн эмчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн салбар нэгжийг дэмжиж, гэр хорооллын иргэдэд тусламж үйлчилгээг илүү ойртуулах, архаг өвчтэй иргэдийн байнгын хяналт, урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргэлтийг сайжруулахад анхаарч байна.
Энэхүү бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Азийн хөгжлийн банк болон төслийн баг, нийслэл, дүүрэг, хорооны удирдлага, нийт хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэн бүрд ойр, хүртээмжтэй, чанартай байх ёстой.