УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ. Уг сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
- Эрхэм Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга,
- Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
- Эрхэм хүндэт сонсголд оролцогчид оо,
Өнөөдөр Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлого, хөтөлбөр, урамшуулал, санхүүгийн дэмжлэг, зээлийн хүүгийн татаас болон тэдгээрийн бодит үр дүнгийн талаар танилцуулъя.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин, тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар юм.
Өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23.3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45.3 хувь нь тус салбарт ажиллаж байна. Мөн манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108.8 сая га бөгөөд 58.1 сая толгой малтай, 313.2 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 орчим сая га эргэлтийн талбайд 15.0 мянган иргэн, 1,500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Хүнсний салбарт 2,600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр тоо бол энэ салбарын цар хүрээг харуулж байна. Харин өнөөдрийн сонсголоор бид төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр, олгосон дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодит тоон үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон онцлох үр дүнг салбар тус бүрээр нь танилцуулъя.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАР
Манай улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор газар тариалангийн салбарын үйлдвэрлэл буурч, техник, технологийн шинэчлэл саарч, дотоодын үйлдвэрлэл уналтад орсон билээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн суурийг сэргээж, тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх, үрийн чанар, хангамжийг сайжруулах, усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилгоор 2008-2010 онд 3 жилийн хугацаатайгаар “Атрын III аян”-ыг зарлан хэрэгжүүлсэн.
“Атрын III аян” хэрэгжиж эхэлсэн 2008 оныг 2010 онтой харьцуулан үзэхэд тариалсан 202.7 мянган га-аас 316.3 мянган га-д хүрч, үр тарианы нийт ургац 212.8 мянган тонноос 355.0 мянган тонн, төмсний ургац 134.7 мянган тонноос 167.9 мянган тонн, хүнсний ногооны нийт ургац 77.9 мянган тонноос 82.9 мянган тоннд хүрч, усалгаатай талбайн хэмжээг 43.0 мянган га-д хүрсэн байна.
Ийнхүү “Атрын III аян” нь үр тарианы үйлдвэрлэл, тариалангийн талбай, техник, тоног төхөөрөмж, үрийн хангамж, усалгааны дэд бүтцийг өргөжүүлж, газар тариалангийн салбарын хөгжлийн суурийг бүрдүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20.0 мянган га хүртэл талбайд тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэмээр баялаг жимс, жимсгэнээр тогтвортой хангах зорилгоор “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн II үе шатыг батлан, 2010–2012, 2013–2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, жимс, жимсгэнийн тариалалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, боловсруулалт, хөгжлийн суурийг бүрдүүлж, 6,419 ажлыг байрыг шинээр бий болгосон. Тухайлбал, чацаргана тариалах талбай 886.0 га-аас 2.6 мянган га талбайд хүрч, бэлтгэсэн суулгац 5.5 сая ширхэгт хүрч, байгалийн чацаргана, жимс, жимсгэнийн 1.1 мянган га талбайг сэргээн хамгаалсан байна.
Мөн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын суурийг бэхжүүлж, 2012-2014 онд 6.1 тонн чацарганы тос, 16.4 тонн чацарганы шүүсийг тус тус экспортолсон байна.
Улмаар хүнсний ногооны үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ усалгаатай тариаланг хөгжүүлэх, хадгалалт, агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар дотоодын хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг батлан 2018-2022 онд хэрэгжүүлсэн билээ.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй болон усалгаатай тариаланг хөгжүүлж, суурь түвшинтэй харьцуулахад төмс тариалсан талбай 12.2 мянган га талбайгаас 21.0 мянган га, хүнсний ногоо тариалсан талбай 6.4 мянган га талбайгаас 14.2 мянган га-д, өвлийн хүлэмжийн талбай 19.1 га талбайгаас 32.3 га-д, зоорийн багтаамж 197.5 мянган тонноос 251.6 мянган тоннд хүрсэн байна.
Мөн 2017-2022 онд хүнсний ногооны нийт ургац 78.5 мянган тонноос 148.8 мянган тонн болж, төмсний нийт ургац 134.7 мянган тонноос 214.0 мянган тоннд хүрсэн байна. Хүнсний ногооны таримлын нэр төрлийг 42-оор нэмэгдүүлсэн байна. Ногоочин өрхийн дундаж орлогыг 1.5 сая төгрөгт хүргэсэн үр дүнтэй байна.
Жимс, жимсгэнийн тариалалт, суулгац үйлдвэрлэл, сорт нутагшуулалт, боловсруулалтыг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг батлан, 2018-2022 онд хэрэгжүүлсэн байдаг.
Хөтөлбөрийн үр дүнд суурь түвшинтэй харьцуулахад (2018 он) жимс, жимсгэнийн тариалсан талбай 6,070 га-аас 6,687 га, хураан авсан ургац 2,560 тонноос 3,760 тонн болж нэмэгдэн, 2.14 сая ширхэг суулгац бэлтгэж, 5,629 ажлын байр шинээр бий болгосон байна. Мөн чацарганы кластер, өртгийн сүлжээг бүрдүүлж, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэх суурийг тавьсан байна.
Улмаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг 2025-2028 он хүртэл орон даяар эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
“Атар-4” аяны хүрээнд тариалангийн эргэлтийн талбайг 83.1 мянган га-аар нэмэгдүүлж, сэлгээний болон тэжээлийн таримлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөрсний үржил шимийг хамгаалах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 15.6 мянган тонн бордоог тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлсэн.
Мөн усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр 3,031 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг сэргээн засварлан ашиглалтад оруулж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжиж, төмс, хүнсний ногооны 1,200 га талбайн үйлдвэрлэлийг механикжуулах нөхцөл бүрдүүлжээ.
Ийнхүү “Атар-4” аяны хүрээнд тариалангийн газрын ашиглалтыг нэмэгдүүлэх,
үйлдвэрлэлийн санхүүжилт, техник технологийн шинэчлэлийг дэмжих, усалгаатай тариалан болон сэлгээний таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, хадгалалт, борлуулалт, үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр бодит ахиц гаргаж, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлээд байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлого, үндэсний хөтөлбөр, урамшуулал, хөрөнгө оруулалтын үр дүнд салбарын үйлдвэрлэлийн бааз суурь үе шаттайгаар бэхжин хөгжиж, өнөөдөр Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах стратегийн чухал салбарын нэг болсон байна.
Эдгээр бодлогын үр дүнд тариалангийн талбайн ашиглалт, эргэлтийн талбай нэмэгдэж, үрийн аж ахуй, усалгаатай тариалан хөгжиж, үтрэм, зоорь, агуулах, хүлэмжийн хүчин чадал өргөжсөн байна. Мөн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимжиж, тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшин 80 орчим хувьд хүрч, орчин үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх суурь бүрдээд байна. Тухайлбал салбарын 2007 оны үр дүнг 2025 онтой харьцуулахад:
• Газар тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл тайлант оны үнээр 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч, 11.2 дахин өссөн;
• Нийт тариалсан талбай 202.7 мянган га-аас 601.6 мянга га-д хүрч, 3 дахин нэмэгдсэн байна;
• Улаанбуудайн тариалсан талбай 154.8 мянган га-аас 392.5 мянган га буюу 3 дахин, хүнсний ногооны талбай 6.4 мянган га-аас 20.2 мянган га буюу 3 дахин, таримал тэжээлийн үйлдвэрлэл 4.9 мянган га-аас 93.4 мянган га буюу 19 дахин өссөн байна;
• Үр тарианы үйлдвэрлэл 114.8 мянган тонноос 614.1 мянган тонн болж 5.3 дахин, хүнсний ногооны үйлдвэрлэл 76.4 мянган тонноос 282.2 мянган тонн 3.6 дахин тус тус нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ стратегийн хүнс болох гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийн үр дүнд дотоодын гурил үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хүн амын гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах түвшинд хүрсэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлсэн чухал үр дүн болсон байна.
Ийнхүү олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, төрийн дэмжлэгийн үр дүнд газар тариалангийн салбар нь зөвхөн ургац үйлдвэрлэдэг салбараас илүү талбайн зохистой ашиглалт, шинэчлэгдсэн техник тоног төхөөрөмж, хөгжсөн дэд бүтэц, төрөлжсөн үйлдвэрлэл, нэмэгдсэн хадгалалтын хүчин чадал бүхий, дотоодын хүнсний хангамжийг хангах бодит чадавхтай салбар болон төлөвшөөд байна.
Цаашид энэхүү бий болсон суурь чадавхыг улам бэхжүүлж, нэгж талбайн ургац, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хадгалалт, боловсруулалтын алдагдлыг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар газар тариалангийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна.
Товчоор хэлбэл, төрийн дэмжлэгийн үр дүн нь зөвхөн олгосон зээл, урамшууллын хэмжээгээр тодорхойлогдох бус, өнөөдөр бий болсон тариалангийн талбай, үтрэм, зоорь, агуулах, услалтын систем зэрэг дэд бүтцийн тогтолцоо, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологи нэвтрүүлэлт, шинэ тарималын нэр төрөл, түүнчлэн үйлдвэрлэлийн хэмжээ болон дотоодын хүнсний хангамжийн бодит чадавхаар илэрхийлэгдэж байна.
МАЛ АЖ АХУЙН САЛБАР
Мал аж ахуйн салбар бол Монгол Улсын уламжлалт үйлдвэрлэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа, хүнсний хангамж, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийн гол түүхий эдийн эх үүсвэр юм.
Тиймээс төрөөс сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд малчдын амьжиргаа, нийгмийн хамгааллыг дэмжихийн зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, генетик нөөцийг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай бодлого хэрэгжүүлж ирсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлаас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлан, 2009-2020 онд хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын хүрээнд малчдын нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажилласан.
Үүний үр дүнд 2009 онд нийт малчдын 10 хувь нь нийгмийн даатгалд, 35 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол өнөөдөр эдгээр үзүүлэлт 37 хувь болон 80 хувьд хүрээд байна. Энэ нь малчдын нийгмийн хамгааллын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарсныг харуулж байна.
Үүнтэй зэрэгцэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Энэ хугацаанд мал аж ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилж, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” зэрэг хуулийг баталж, аймаг, сумын түвшинд мал аж ахуйн асуудал хариуцсан нэгжүүдийг ажиллуулах зэрэг институцийн шинэчлэл хийсэн.
“Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийн 1.3 их наяд төгрөгийн мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 6.2 их наяд төгрөгт, 2025 онд 8.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
Малын эрүүл мэндийн чиглэлээр 2018-2021 онд “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, вакцин, эм бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулахад анхаарсан.
Энэ хүрээнд Мал эмнэлгийн нэгдсэн системийг бий болгож, 90 журам, зааврыг батлан мөрдүүлж, орон нутагт хүйтэн хэлхээ, лаборатори, мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг үе шаттайгаар бүрдүүлсэн.
Энэ тогтолцооны ач холбогдлыг цар тахлын үеийн туршлага ч харуулсан. Малын эрүүл мэндийн салбарт өмнө нь бий болгосон хүйтэн хэлхээний чадавхыг COVID-19-ийн үед хүний эрүүл мэндийн вакциныг орон нутагт хадгалах, тээвэрлэхэд ашигласан нь энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын ач холбогдлыг харуулсан.
Өнөөдөр бид энэ суурийг цааш нь бэхжүүлж, малын вакциныг орон нутгаас малчны хотонд хүргэх хүртэлх хадгалалт, тээвэрлэлтийн тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ “Нэг сум-Нэг мал эмнэлэг” чиглэлийг хэрэгжүүлж, сумдын мал эмнэлгийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Цаашид малын тоо толгой, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нэг малаас авах ашиг шим, нэгж бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай болсон.
Өмнөх жилүүдэд малын эрүүл мэнд, тэжээл, генетик нөөц, үйлдвэрлэлийн талаар олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, ангилах, чанарыг баталгаажуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна.
Тиймээс цаашид мал аж ахуйн салбарын бодлогыг “олон малтай байх”-аас “өндөр ашиг шимтэй малтай байх”, “их хэмжээний түүхий эд бэлтгэх”-ээс “чанартай, баталгаатай түүхий эд бэлтгэх”, “түүхий эд борлуулах”-аас “нэмүү өртөг шингээж, зах зээлд өндөр үнэ цэнтэйгээр нийлүүлэх” чиглэлд шилжүүлэх шаардлагатай байна.
Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж болон бүсчилсэн хөгжлийн таталцлын төвүүдэд түшиглэн түүхий эд бэлтгэлийн төвүүдийг үе шаттайгаар ажиллуулж, малчнаас зах зээл хүртэлх нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох ажлыг эхлүүлж байна.
Ингэснээр түүхий эдийн гарал үүсэл, чанар, баталгаажуулалтыг сайжруулж, малчин өөрийн бэлтгэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд илүү үнэ цэнэтэйгээр нийлүүлэх, үйлдвэрлэгч чанартай түүхий эдээр тогтвортой хангагдах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн хугацаанд бид малчдын нийгмийн хамгаалал, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн тогтолцоо, эрх зүйн орчин, генетик нөөц, үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх тодорхой суурийг бий болгосон.
Одоо энэ суурин дээр тулгуурлан мал аж ахуйн салбарыг тоо толгойн өсөлтөөс бүтээмж, ашиг шим, чанар, үнэ цэнийн өсөлтөд чиглэсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт юм.
Өөрөөр хэлбэл, малчинд илүү орлого, үйлдвэрлэгчид чанартай түүхий эд, хэрэглэгчид баталгаатай бүтээгдэхүүн, Монгол Улсад илүү их нэмүү өртөг үлдээдэг мал аж ахуйн тогтолцоог бүрдүүлэхэд цаашдын бодлогоо чиглүүлнэ.
ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
Монгол Улс мал аж ахуйн гаралтай түүхий эдийн арвин нөөцтэй. Ялангуяа дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн томоохон нийлүүлэгч орны хувьд бидний хувьд гол боломж бол энэ давуу байдлаа зөвхөн түүхий эд экспортлоход бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах явдал юм.
Өнөөдөр манай улсад ноос, ноолуур, арьс ширийг угаах, самнах, ээрэх, нэхэх, сүлжих, гүн боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь хүчин чадал тодорхой хэмжээнд бүрдсэн. Тиймээс цаашид төрийн бодлогыг зөвхөн шинэ үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар хязгаарлахгүйгээр, байгаа хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг тогтворжуулах, боловсруулалтын дараагийн шатны үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна.
Энэ чиглэлийн бодлогыг тус салбарт сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрүүдээрээ үе шаттайгаар дэмжиж ирсэн байна. “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд бий болгосон суурийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр үргэлжлүүлж, түүхий эдийн бэлтгэлээс эхлээд боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх бүх шатны хөгжлийг дэмжиж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд юуны өмнө түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, 2011-2024 онд 998 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 269.9 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал, 2014-2024 онд 407 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 78.8 тэрбум төгрөгийн арьс ширний урамшуулал олгосон.
Энэ нь нэг талаас малчдын орлогыг дэмжих, нөгөө талаас үндэсний үйлдвэрүүдэд чанарын шаардлага хангасан түүхий эдийг тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого байсан.
Харин өнөөдөр бид энэ бодлогыг дараагийн шатанд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ бэлтгээд зогсохгүй, түүхий эдийнхээ үнэ цэнийг Монголдоо нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд 384.1 тэрбум, 2026 онд 463.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Үүний үр дүнд 2025 онд үндэсний үйлдвэрүүд анх удаа үйлдвэрлэлийн түүхий эдийн 70 орчим хувь буюу 6.0 мянга гаруй тонн, 2026 онд 60 орчим хувь буюу 4.8 мянган тонн ноолуурыг тус тус бэлтгэсэн байна.
Мөн ноос, арьс шир, савхин бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож, түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжсэн. Гэхдээ бидний хувьд дараагийн хамгийн чухал асуудал бол бэлтгэсэн түүхий эдээ хэрхэн илүү өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэг асуудал юм.
Жишээлбэл, угаасан ноолуураа самнасан ноолуур, самнасан ноолуураа ээрмэл, ээрмэлээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн, цаашлаад бэлэн бүтээгдэхүүн болгох ёстой.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь, ноосныхыг 25 хувиас 55 хувь, арьс ширний гүн боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Үүнээс гадна ноолуурын ээрэх, сүлжих, нэхэх, ноосны ээрэх, хялгас ялгах, арьс ширний гүн боловсруулах, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа бөгөөд үүний үр дүнд ноолуурын ээрэх хүчин чадлыг 400 тонн, сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр, ноосны ээрэх хүчин чадлыг 300 тонн, хялгас ялгах хүчин чадлыг 530 тонноор нэмэгдүүлээд байна.
Энэ бол зөвхөн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа асуудал биш. Нэг килограмм түүхий эдээс бий болох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байгаа асуудал юм.
Үүнийг бид ажлын байр, үйлдвэрлэл, борлуулалтын орлогоор мөн хэмжиж байна. Өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар 46 мянган ажлын байрыг хадгалж, жилд 2.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноолуурын салбарт 3,000, ноосны салбарт 2,200, арьс ширний салбарт 3,000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор ажиллаж байна. Хөдөлгөөний эхний жилд 500 орчим ажлын байр шинээр бий болсон. Мөн 2025 онд ноос, ноолуур, арьс ширний салбарын борлуулалтын орлого 16.8 хувиар, үүнээс ноолуурын салбарын борлуулалт 20.4 хувиар өссөн байна.
Эдгээр тоо бол бидний хэрэгжүүлж байгаа бодлого үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаа, ажлын байр, борлуулалтын орлогод тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байна.
Тиймээс цаашид төрийн бодлогыг зөвхөн түүхий эд бэлтгэл, үйлдвэрийн хүчин чадлаар хязгаарлахгүй. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүх шатны уялдаа, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, экспортын өрсөлдөх чадварт илүү анхаарч ажиллана.
Эцсийн дүндээ бид Монгол Улсыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон биш, түүхий эдээ бүрэн боловсруулдаг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тогтвортой ажлын байр бий болгодог, экспортын өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн орон болгохыг зорин ажиллаж байна.
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
Хүнсний үйлдвэрийн салбарын хөгжлийг ярихдаа зөвхөн үйлдвэрийн тоо, үйлдвэрлэлийн хэмжээгээр бус, хөдөө аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах үйлдвэрлэлийн тогтолцоо хэрхэн бэхжсэнээр нь үнэлэх нь зүйтэй.
1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурч, түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй болсон нь хүнсний боловсруулах үйлдвэрлэлд шууд нөлөөлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарал нэмэгдсэн.
Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд “Атрын III аян”, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр болон цаашдын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, лаборатори, боловсруулах үйлдвэр, технологийн чадавхыг үе шаттай бэхжүүлсэн.
Сүүлийн жилүүдэд цар тахал, геополитикийн нөхцөл байдал, тээвэр логистикийн хүндрэлүүд нь хүнсний үйлдвэрлэл, дотоодын түүхий эдийн хангамж нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал гэдгийг бодитоор харуулсан.
Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлийг зөвхөн үйлдвэр барих асуудлаар бус, мал аж ахуй, газар тариалангаас эхлээд боловсруулах үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалт хүртэлх нийлүүлэлтийн бүх сүлжээгээр нь дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2023 оноос 2026 оны эхний хагас жил хүртэл мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээнд нийт 1.2 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд хүнсний салбарт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувиар, ажлын байр 42 хувиар нэмэгдэж, үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар өссөн байна.
Сүүний үйлдвэрлэл бол малчин, түүхий эд бэлтгэл, боловсруулах үйлдвэр, хэрэглэгчийг холбосон хүнсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бодитоор хэрхэн ажиллаж байгааг харуулсан тод жишээ юм.
2020 онд 8 үйлдвэр, цехэд 4.0 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3.5 сая литр түүхий сүү нийлүүлж байсан бол 2025 онд 37 үйлдвэр, цехэд 9.3 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 19.6 сая литр буюу 5.6 дахин их сүү нийлүүлдэг болсон. Урамшуулалд хамрагдах нутаг дэвсгэр 4 аймаг, нийслэлээс 13 аймаг, нийслэл болж өргөжсөн.
Энэ нь зөвхөн малчдын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, сүүний үйлдвэрийн түүхий эдийн хангамж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлсөн. Сэрүүний улирлын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 5 жилийн дундаж 2015-2020 онд 30.9 мянган тонн байсан бол 2021–2025 онд 40.5 мянган тонн болж өссөн.
Мөн хуурай сүүний импорт 2021 оны 5.4 мянган тонноос 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан нь дотоодын үйлдвэрлэл импортыг тодорхой хэмжээгээр орлож эхэлсний нэг илрэл юм. Үүний зэрэгцээ гадагш чиглэх валютын урсгалыг жилд ойролцоогоор 10.0 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бүрдэж байна.
Ийнхүү түүхий эдийн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үр дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийн түвшин ч тодорхой хэмжээгээр сайжирч байна.
2025 оны жилийн эцсий байдлаар мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 93.7 хувь, малын мах 99.2 хувь, сүү 99.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 79.4 хувь, гурил 80.9 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 73.6 хувь, өндөг 66.7 хувийн түвшинд хүрээд байна.
Эдгээр үзүүлэлт нь хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз, боловсруулах хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, дотоодын хангамж зэргийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байгааг харуулж байна.
Гэхдээ хүнсний хангамжийн тогтвортой байдлыг цаашид хангахын тулд дотоодын үйлдвэрлэлийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанар, аюулгүй байдал, стандарт, хадгалалт, логистик, нэмүү өртөг шингээлт, өрсөлдөх чадварт илүү анхаарах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, бидний зорилго зөвхөн хүнсийг дотооддоо үйлдвэрлэхэд бус, малчин, тариаланчийн үйлдвэрлэсэн түүхий эдийг дотоодын үйлдвэрт боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж, цаашид экспортлох чадвартай хүнсний үйлдвэрлэлийн цогц тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Хүндэт сонсголд оролцогчид оо,
Өнөөдөр бидний танилцуулсан үр дүнг нэгтгэн харвал, манай салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлого, хөтөлбөр, урамшуулал, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг нь салбарын үйлдвэрлэлийн суурь, дэд бүтэц, техник технологи, түүхий эдийн хангамж, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна.
Газар тариалангийн салбарт тариалангийн талбай, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, техник технологи, усалгаатай тариалан, хадгалалт, агуулахын суурь чадавх бэхжсэн. Мал аж ахуйн салбарт малын эрүүл мэнд, генетик нөөц, малчдын нийгмийн хамгаалал, үйлдвэрлэлийн суурийг дэмжих тогтолцоо бүрдсэн. Хөнгөн үйлдвэрийн салбарт үндэсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарсан. Харин хүнсний үйлдвэрийн салбарт түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн сүлжээг бэхжүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх суурь тавигдсан байна.
Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэгийн үр дүн нь зөвхөн хэдэн төгрөгийн зээл, хэдэн төгрөгийн урамшуулал олгосноор хэмжигдэхгүй. Өнөөдөр бий болсон үйлдвэрлэлийн хүчин чадал, нэмэгдсэн талбай, шинэчлэгдсэн техник тоног төхөөрөмж, нэвтрүүлсэн технологи, бий болсон үйлдвэр, ажлын байр, нэмэгдсэн үйлдвэрлэл, сайжирсан дотоодын хангамжаар илэрхийлэгдэж байна.
Цаашид төрийн бодлогыг үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээс бүтээмжийг дээшлүүлэх, түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хангамжийг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалалт, боловсруулалтын алдагдлыг бууруулах, чанар, стандарт, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд улам бүр төвлөрүүлэх шаардлагатай.
Бидний дараагийн зорилго бол газар тариаланд нэгж талбайн ургацыг, мал аж ахуйд нэг малаас авах ашиг шимийг, үйлдвэрт нэгж түүхий эдээс бий болгох нэмүү өртгийг нэмэгдүүлэх явдал юм.
Ингэснээр тариаланч илүү бүтээмжтэй үйлдвэрлэж, малчин илүү өндөр орлого олж, үндэсний үйлдвэр чанартай түүхий эдээр тогтвортой хангагдаж, хэрэглэгч чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангагдах тогтолцоог бүрдүүлнэ.
Эцсийн дүндээ бид Монгол Улсыг зөвхөн түүхий эд үйлдвэрлэгч, нийлүүлэгч орон байлгах бус, өөрийн түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүнсний хангамж, аюулгүй байдлаа тогтвортой хангадаг, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн тогтолцоотой улс болгон хөгжүүлэх зорилтыг тавьж байна.
Энэ бол өнөөдөр бий болсон суурийг дараагийн шатанд гаргах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаашдын бодлогын үндсэн чиглэл байх болно.