Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ.
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын дунджаар ихэнх нутгаар дулаан байгаа хэдий ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтайг санууллаа.
Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C байдаг.
Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог.
Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр дулаан, хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар энэ сард Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар энэ сард дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр сэрүүн байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй.