БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ. 

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм. 

"Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

"Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх зөвшөөрөл, мэдгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хавсралтаар баталлаа.

Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ашиглах систем, мэдээлэл солилцох сервисийн хөгжүүлэлт, сангийн цахим хуудасны ажиллагааг хариуцан зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагуудад мэргэжил арга, зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыгхолбогдох албан тушаалтнуудад даалгав.

Журам батлагдсанаар төрийн байгууллагын хүнд суртал, баримт бичгийн давхардал, олон шат дамжлага бүхий хүндрэлтэй, тодорхойгүй асуудлууд шийдвэрлэгдэж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална. 

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатны үйл ажиллагаанд холбоотой баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, цаашлаад албан тушаалын ашиг сонирхлын зөрчил буурч, авлигын индексийн үзүүлэлт болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ахиц дэвшил гарна гэж үзлээ. 

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзэж байна. 

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй, суурь харилцааг Төсвийн тухай хуулиар, хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналт, тайлагналтын суурь асуудлыг бусад хууль тогтоомж болон Засгийн газар, Сангийн сайдын баталсан журам, аргачлалаар зохицуулж байна.

Тус хуулийн төсөл нь найман бүлэг, 63 зүйлтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр  нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой юм. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын чухал харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгааг цэгцэлж, журмаар бус хуулиар зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. 

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

 “Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

2026-2028 онд тус төлөвлөгөөний зорилго нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалахад оршино. Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүргэх юм.  

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, мэдлэг, инновацыг нэвтрүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг Т.Доржханд онцоллоо.

Ажлын төлөвлөгөөг дараах таван чиглэлээр боловсруулжээ.

1.  Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, 

2.  Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх, 

3.  Институтийн чадавх болон хүний нөөцийг бэхжүүлэх, 

4.  Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, 

5.  Хөрөнгө оруулагчдыг хадгалах (aftercare) тогтолцоог бүрдүүлэх. 

Тус төлөвлөлөөг Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлнэ.

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Хүрэн баавгайн унтуулгын буу, эм урвалж бодис, багаж хэрэгслийг хил гаалиар импортоор оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахаар боллоо. 

Мөн иргэд, олон нийтийг сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 1 минутын өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 1 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2 цагийн өмнө
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 3 цагийн өмнө
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ 4 цагийн өмнө
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл 5 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА 6 цагийн өмнө
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна 6 цагийн өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 6 цагийн өмнө
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо 21 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав 23 цагийн өмнө
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО Өчигдөр
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана Өчигдөр