Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.
Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Тус газар жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн хэвтэн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан согтуурах болон мансууруулах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цаашлаад гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлтэй шууд холбоотой нийгмийн томоохон асуудал болсон тул энэ асуудалд төрийн цогц бодлого хэрэгтэйг онцоллоо.