БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

“Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд,

-Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;

-Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах;

-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтуудыг тусгажээ. 

“Энэ хууль бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх зарчмыг баримталж ажиллах”-ыг анхаарууллаа.

Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгож, хувийн өмчийн халдашгүй байдал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамааралтай төрийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдлыг хангах нь хуулийн зорилго юм.

Тус хуулийн төсөлд тухайлбал,

·      Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх;

·      “Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;

·      Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байх;

·      Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглагдах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр барих болон ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;

·      Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх,

·      Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх,

·      Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьж байгааг хасах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.  

“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо. 

Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна” гэж Ажлын хэсэг дүгнэжээ. 

“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ

Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус, нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд “Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль”, “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хууль”-ийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан тэмдэглээд Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудад  хүлээгдэж буй дарааллыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутаг болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ.

Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалт нь зарцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс, орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, газар хөгжүүлэлт хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж, бага орлоготой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлийг түрээсийн орон сууцаар хангах зохицуулалтууд бүрдэнэ. 

Арилжааны банкнуудад жилд шинээр 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9.5 мянга орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан, 6.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ.

"Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. 

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)"-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ. 

Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийн 276 нь цахимжсан боловч "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)"-д холбогдоогүй байна. Сар бүр шинээр байгуулагдаж буй 1,540 орчим хуулийн этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран үйлчилгээг тэгш хүртээх хэрэгцээ нэмэгдэж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-BUSINESS)-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлж, төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг цонх, нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимжинэ. 

Мөн төрийн байгууллагууд өөр өөрсдийн салангид систем хөгжүүлэхгүй, нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 0 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа 56 минутын өмнө
Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм 1 цагийн өмнө
Н.Мандуул: Дандаа тэнгэрийн том том тоонууд ярьдаг байсан хүн нохой муур, хог шорооны цэвэрлэгээ гэхээр санаанд буухгүй, хэсэгтээ л... 2 цагийн өмнө
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна 4 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав 5 цагийн өмнө
ЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 8 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө 23 цагийн өмнө
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа 23 цагийн өмнө
Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар хур тунадас бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ Өчигдөр
Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт их болон нэн их байна Өчигдөр
УИХ-ын Байнгын хороо, Дэд хороо, Ажлын хэсгүүд болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороод хуралдана Өчигдөр
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06.00–20.00 цагт зам хаана 2026/05/31
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа 2026/05/29
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 2026/05/29