“Үнэ тогтворжуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд махны экспортыг зогсоох тухай ямар нэгэн заалт тусгагдаагүй. Махны экспорт нь дотоодын махны хэрэглээ, үнийн өсөлтөд нөлөөлөөгүй. Харин ч дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан экспортыг хаах нь урт хугацаанд малчид, мах боловсруулах үйлдвэрүүд болон экспортын зах зээлд сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй.
Экспортод голчлон дотоодын зах зээлд эрэлт багатай сарлаг, адууны мах, мөн намрын ган, зудын нөлөөгөөр туранхай болсон малын мах гардаг. Гадаад улс орнууд Монгол Улсаас зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах импортолдог учраас экспортын бүтээгдэхүүн нь дотоодын хэрэглээний шинэ махны нийлүүлэлт, үнэд бодит нөлөө үзүүлдэггүй.
Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Ган, зудын үед малчид эрсдэлээ бууруулах зорилгоор малаа зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх шаардлага үүсдэг. Ийм нөхцөлд экспортын сувгийг хаах нь малчдын орлогыг бууруулж, салбарын эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс төрөөс малчид, үйлдвэрлэгчдийн экспортод чиглэсэн хүлээлт, итгэлийг тасалдуулах шийдвэр гаргаагүй.