БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлснийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай үзэн, ажлын гурав хоногийн завсарлага хүссэн боловч хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, өнөө өглөө Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын тамгыг гардан авч, суудлаа эзэлснээр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлын хүлээн авсантайгаа холбогдуулан үг хэлж, талархал илэрхийлэв.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн боловч олон намын оролцоотой парламент дахь бодлого шийдэл, байр суурийн ялгааг хуулийн гадуурх улс төрийн тоглолт болгож болохгүй тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.

Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа тэрбээр сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентийн дархлааг  бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн Улсын Их Хурлын дарга анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлан, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт татвар төлөгчид, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй болсон энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэн, бодлого шийдлээ зөв залж, иргэд, сонгогчдоо төлөөлөн түмэн олноо түшиж ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа болохыг онцлон тэмдэглэлээ. Сорилт бэрхшээлд хурдтай зөв шийдэл гаргаж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс хэмээн санаж ажиллахыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.

Үг хэлснийхээ дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 1 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 2 цагийн өмнө
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 4 цагийн өмнө
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ 4 цагийн өмнө
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна 5 цагийн өмнө
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 7 цагийн өмнө
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 8 цагийн өмнө
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 9 цагийн өмнө
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ 9 цагийн өмнө
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 11 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина 11 цагийн өмнө
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав Өчигдөр
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө Өчигдөр
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ Өчигдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина Өчигдөр
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно Өчигдөр