Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн өчигдөр /2025.10.31/ “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр болж өндөрлөв. Улмаар сөрөг хүчин буюу Ардчилсан намын бүлгийг төлөөлж мэтгэлцээнд оролцсон гишүүдийн асуултыг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс үзэхэд 2022 оны байдлаар насанд хүрсэн хүний дундаж хэрэглээ сард 657.000 төгрөг, харин ядуурлын шугам бол 418.900 төгрөг гэж тооцсон байна. Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сарын 397.000 төгрөг, асран халамжлагч нь 302.500 төгрөгийн тэтгэмж авч байгаа.
Эдгээр хүмүүс амьжиргааны түвшнөөс 180.000 мянган төгрөгөөр доогуур амьдарч байна. Бид хавчигдсан дундаж давхаргын талаар ярьж байгаа нь маш зөв. Дээр нь нэмээд хаягдсан, доод давхаргын хүмүүсээ яах вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 6 хувиар нэмлээ гэхэд 17.000 төгрөг болж байна.
Энэ мөнгө 7 ширхэг талхны үнэд хүрэхгүй. Тиймээс хамгийн багадаа 30 хувиар нэмж өгөөч гэж 47 гишүүний гарын үсэг зурсан шаардлага хүргүүлсэн. Уг асуудалд Засгийн газар ямар бодлого баримтлах вэ. Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээнд нийгмийн эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна.
Зорилтот эмзэг бүлгийн өрх иргэний амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний нийгмийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг болно гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 жилийн дараа гарах үр ашиг бус, 10 өдрийн дараа гарах үр ашиг л хэрэгтэй шүү дээ.