Хуульч Б.Гүнбилэг цахим хуудастаа улстөрд орох гэж улстөрчийг дагаж байсан талаараа ийнхүү бичжээ.
"Зандкаа ахын бүүвэй-3
Ингээд Булган руугаа яваад л байлаа, яваад л байлаа. 4 сарын 20-доор бүх юм тодорхой болов. Намаас “энэ удаад өнж, аав ээжийнхээ намыг бодоод үгэнд ор” гэдэг албан ёсны том хүний команд ирэв. Булганаас манай “сахал” ах, бас Анандбазар гуай нэр дэвших нь тодорхой болов. Яагаад намайг нэр дэвшүүлэхгүй гэж, би энэ УИХ-д чинь орчихвол энэ их хурлын олон хэлэлцүүлгийн цагийг хэмнэж, эргэж буцсан буруу шийдвэрүүдийг зөв болгоно шүү дээ, юун Анандбазар гуай гэж намынхандаа хэлэв. Тэгсэн чинь танай Зандкаа ах чинь Анандбазарыг дэвшүүл гэж тулгасан “чамайг дэвшүүлэхгүй” гэж гол явсан хүн чинь тэр ах чинь гэдэг юм. Хов биш, бодит үнэн болж таарав. Би энэ удаад энэ үгэнд итгээгүй гэлтэй биш ккк.
Энэ бол улс төрийн шат шатны сонгуульд сум, дүүрэг хаана ч тохиолддог хэцүү зүйл. Эцсийн бүлэгтээ мөнгөний өмнө мөнгөгүй нь сөхөрдөг тогтолцоо юм. Зөвхөн надад тохиолдоогүй, олон залуус цөөхөн орон тоон дээр өрсөлдөж байгаа учир аргагүй. Гэхдээ миний бүтэлгүйтэл бол би өөрөө нохойд барьдаг мод шиг болж хоцорсондоо гомдолтой байх нь аргагүй ккк.
Булганыг хоёр мандааттай болоход зүтгээд, ахыг УИХ-ын дарга болоход бас ярилцлага энэ тэр өгч боломж олгосон хэрэг. Бүх зүйл амьдралд тохиолддог, гэхдээ ашиглуулаад хаягдах мэдрэмж, дахиад хууртах итгэл хүнд үлддэг юм билээ.
Булганд “Зөв хүн” гэдэг эвслээс нэр дэвшиж, унав. Яаж унасан, яаж ялагдсан гээд надад тэр сонгуулиас үлдсэн юм их. Ядаж сонгуулийн эрх зүй гээд хичээл заахад, сонгуулийн хуулийг яаж боловсронгуй болгох вэ? гэдэгт өөрийгөө доторлож хөгжүүлэв.
За ингээд хийдэг ажлаа хийгээд л, амьдралын бор хоногуудаа өнгөрөөв. Хичээлээ заагаад, хүнд чанартай боловсрол олгох тал дээр илүү анхаарч, оюутнуудын судалгаагаар хамгийн хүртээмжтэй, хичээлээ гоё заадаг багш гэдэг өргөмжлөл хүртэл авав. Өмгөөлөл, консалтингаа ч хийв. Манай салбарын шүүмж ямар барагдах биш, олон сэдвээр яавал шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох вэ? гэдгийг илүү ухамсарласаар байв. Салбарын томчуудтай ч хэд хэд үзээд авав. Үндсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх бүх л ажлын хэсгүүдэд гүйж, зарим төслийн эцсийн уншварыг ахын хүссэнээр орж уншиж ч байв. Төр дуудаж байхад миний сурсан юм хэрэг болж байна, намайг мэргэжилтний хувьд төр тоож байна гээд гүйгээд л байлаа. Зарим санал нийлэхгүй юмнуудыг ч олон нийтэд хүргэж, шүүмжилэхээ мартсангүй.
Тэгсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоо гарав. УИХ-аас томилдог орон тоо гарсан, дээрээс нь УИХ-ын дарга маань “ах нь чамайг дэмжинээ” гэв. Би ч урд нь хоёр удаа хульхидуулсан хүн, одоо намайг дэмжих байх гээд гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Бие халаалт болгож, Дээд шүүхээс санал болгодог Цэцийн гишүүний орон тоон дээр дэвшиж үзэв. Миний байнгын хамтран зүтгэгч, заримдаа онолын маргаан дээр хоёр тал болоод үздэг О. Мөнхсайхан найз дүү маань Цэцийн гишүүн болов. Одоо би УИХ-аас орох байх, энэ Цэцийн нэр хүндийг гоё болгоно доо гээд бодчихсон, инээчихсэн гүйж явлаа. УИХ-ын даргын ойр тойрныхон нь чиний нэр яригдаад байна, дарга чамайг дэмжиж байгаа юм байна тээ гээд л би ч их урам зоригтой.
Ингээд УИХ-аас Цэцэд нэр өгөх эцсийн мөчид би биш, харин манай нэг эгч маань Цэцийн гишүүн болов. Ккк
Би ерөөсөө улс төрч биш, гэнэн итгэмтгий, байнга нохойд барьдаг мод болдог гэх юмуу, ийм л хүн байгаа юм. Нэг талаас өгөөш идэх сонирхолтой өлөн л байхгүй юу? Өлөнгөөс гадна ямар нэг фракц, элдэв бүлэглэлд орох ясны дургүй нь ч “үгэнд ордоггүй” гэх тодотголыг авдаг байх.
Миний Зандкаа ах бол хүн хөөргөхдөө сайн, хүнийг сайн бүүвэйлдэг хүн гэдгийг би дараа нь Баянхонгорынхоноос, хамтарч ажиллаж байсан хүмүүсээс нь сонссон. “Зандкаагийн бүүвэй” гэдэг хэллэг угаасаа байдаг юм билээ.
Өнгөрсөн сонгуулиар Баянхонгорынхон харин ахыг бүүвэйлчихсэн байна лээ кк.
Эцсийн бүлэгтээ энэ хүн МАН-ын дарга болно, ойлгомжтой. Тэгээд Ерөнхийлөгчид нэр дэвших нь бараг тодорхой байна. МАНай нам бол угаасаа хүч хаана төвлөрнө түүнийг дээш нь шиддэг зүй тогтол.
Би харин дахиж ахтай юу ч ярьсан итгэхгүй.
Гэртээ төмс арилгаад зогсож байхдаа л зурагтын мэдээ сонсоход Үндсэн хуулиа зөрчиж байна даа гээд л өнгөрдөг болсон. Ахын маань Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд тоогоо алдсан, би ч зөндөө шүүмжилж Цэцэд өгсөн. Явахгүй юм билээ.
Би харин дахиж бүүвэйнд орохгүй ээ, ахаа гээд нэлээн дээр өөрт нь хэлчихсэн амар. Тэгсэн чинь харин саяхан төрсөн өдрөөр минь ах маань viber-аар төрсөн өдрийн мэнд хүргэе гэж нааж байна лээ. Ккк
Би бүүвэйлэгдэх гэж байгаа мэдрэмж шууд төрөөд айсан, цочсон.
Боль боль, одоо зүгээр мөр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байя.
Би түүний хэчнээн удаа хууль зөрчсөн, яаж хуулийг уландаа гишгэж, буруу бодлого явуулж байгааг мянгантаа хэвлэл, мэдээллээр ярьж явсан хүн учир тэр бүрийг энэ удаад тоочихоос залхуу хүрээд орхив. Бодлого ярьж бичихээр унших биш, харин хүн бичихээр уншдаг нэг тийм зүй тогтолд тааруулж байгаа минь энэ.
МАН-ын дарга болоод Ерөнхийлөгч болох гэж байгаа хүнийг яах гэж ийм юм бичээд байгаа юм, чамайг өөд нь гаргахгүй дээ, товчхондоо, хүн ер нь тэнэг хүнд гомдож өөрийгөө доошлуулах хэрэггүй гээд байгаа урдны хоёр хэсгийг уншсан, надад санаа зовсон улсад гэж хэлэхэд нийгмийн амьдралд ус доошоо биш, өөдөө урсдаг шүү гэж хэлье.
Өчүүхэн Гүнбээ нь баахан “инээдэм”-тэй зүйлээ ийнхүү сийрүүлж, дотроо байгаагаа та нартай хуваалцаж санаа амарлаа. Өөр өөрийнхөөрөө хүлээн авч, хаяхыг нь хаяна бизээ.
Миний олон журмын нөхөд бүүвэйлэгдэхдээ бэлдэж байна. Амжилттай бүүвэйлэгдээрэй!
Намынх нь хуралд амжилт хүсье!
Эээ бүүвэй, эээ бүүвэй, эээ бүүвэй гэхгүй юу. За за, ингээд дуусгая." гэжээ.