Ардын намын даргын сонгууль УИХ-ын сонгуулиас илүү ард түмний анхаарлыг татах бололтой. Зунаас хойш дуншиж есдүгээр сард, аравдугаар сард болно хэмээн хойшлогдож хүлээлт үүсгэсэн энэ намын Бага болон Их хурал улам л анхаарлын төвд орж эхлэв. Удах тусам л намын гишүүд болон олон нийтийн зүгээс олон ургальч байр суурь санал шүүмжлэлүүд өрнөх нь тодорхой болов.
УИХ-ын гишүүд тэртусмаа залуу гишүүд Удирдах зөвлөлийн нэрээр хэн нэгнийг тулгаж Бага хурал, Их хурлын гишүүдийг “амьгүй хүүхэлдэй” мэт гар өргүүлдгийг эсэргүүцэж эхлэв.
МАН-ын Улс төрийн газрын даргаас, дэд сайд, УИХ-ын гишүүний сэнтийд хүрсэн Хэнтийн гаралтай М.Ганхүлэг гишүүний ярилцлагаас үзвэл тэд намын даргаа “командаар” биш мэтгэлцээн, өрсөлдөөнөөр шударгаар сонгохыг уриалж байна.
Ерөнхийдөө ил тодоор одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Улсын нэгдүгээр хүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч МАН-ынханд тулгах гэж байгааг эсэргүүцжээ. Энэ бол М.Ганхүлэг гишүүний байр суурь гэхээсээ илүү экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан дуугарч эхэллээ гэж ойлгож болох юм. М.Ганхүлэгийн хувьд Хэнтий аймгийн Оюутны холбооны Ерөнхийлөгчөөс улстөрийн карьераа эхэлж 27-28-хан насандаа МАН-ын Улстөрийн газрын дарга буюу намын амин чухал судсыг базаж, Оюукийн өсгөж өндийлгөсөн кадр.
Түүний үгийг Оюукын үг хэмээн хүлээж авч болох ч энэ бол МАН дахь Женжи үеийнхний дуу хоолой юм.
Одоогоор МАН-ын дарга хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнэ ч халааг нь авсан Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 өдрийг хүртэл үг дуугарахгүй тэсч буйгаа М.Ганхүлэгтэй зэрэг шахам илэрхийлсэн.
Энэ нь ХҮК ба Оюукийн хооронд гал нээлцэхэд бэлэн болсноо зарласан гэж ойлгож болохоор байна. Энэ нь ч шударга байх.
МАН уг нь Монголын улс төрийн намуудаас хамгийн түрүүнд зоригтойгоор үеийн шинэчлэлээ хийж, 60, 70 оныхон нь 80 оныхондоо удирдлагаа шилжүүлсэн.
80 оныхон ч сайн ажиллаж МАН-ыг сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүйгээр хоёр сонгууль дараалан ялуулж, найман жил төр, засгийн сэнтийд ноёрхуулж буй.
90 оны дүү нараа ч улс төрд зоригтой оруулсны нэг төлөөлөл нь УИХ-ын гишүүн М.Ганхүлэг билээ.
Үүнээс үзвэл Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Ухнаагийн хүү Хүрэлсүхийн үеийнх шиг командаар гар өргүүлж залгамжлагчаа сонгуулдаг үе дуусах нь. Шинэ үеийнхэн АН-ыг мануухай хэвээр байлгахыг хүсэхгүй байна.
Сэтгэгдэл (3)