БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав

С.Жамъяаннацаг
11 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.18) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Х.Тэмүүжин гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын нэр бүхий 20 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр үндсэндээ таван асуудлыг хөндөж байгаа гэв. зүйн практик шаардлагатай болжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах буруу жишиг тогтсон. Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээн Х.Тэмүүжин гишүүн тайлбарлав. Монгол Улсын Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх статуст хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй. Сүүлийн үед төрийн байгууллага, тэр дундаа хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас энэ төрлийн дийлэнх гомдол гаргадаг болсныг хэлж байв. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “хуулийн этгээд” гэх нэр томьёоны талаар хуульчилсан тайлбар хийж, төрийн байгууллагад хамаарахгүй гэдгийг тодотгохоор төсөл тусгасан байна. Орчин цагийн үндсэн хуулийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй хэмээсэн. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байх, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн үзсэн байна.


Хоёрдугаарт, Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн тухай ойлголтод “нийгэмд аюултай байдал” гэх ухагдахууныг хэрэглэх замаар эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим буюу гэмт хэргийг зөвхөн хуулиар тодорхойлох зарчим, үзэл санааг гажуудуулан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан байхаас гадна нийгэмд аюултай гэх шинжийг агуулах ёстой, гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанараар нь хэмжинэ, эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нь тохируулан хүлээлгэнэ гэх үзэл сурталжсан, субьектив агуулга, хэмжүүр хуульчлагдсан хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг аж. Ингэснээр хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж эрүүгийн ял, албадлага хэрэглэх дур зоргыг хязгаарладаг. Гэтэл Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, нийгэмд аюулгүй” гэсэн субьектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж үнэлэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн Х.Тэмүүжин гишүүн танилцуулсан.

Эрүүгийн хуулийн энэхүү хууль ёсны зарчмыг хийсвэр шалгууртай болгож, үүнийг нь шүүх хэрэглэж гэмт хэрэгт тооцох, оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтооход удирдлага болгож байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой зааж, энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан ял, албадлагын арга хэмжээг хүндрүүлэхийг хориглосон. Гэтэл шүүх шийдвэртээ хэргийг нийгэмд аюултай учраас, нийгмийн хор аюул бага учраас хэмээн ял, албадлагын арга хэмжээг тогтоож байгаа нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг үгүйсгэж буй бас нэг хэлбэр хэмээн төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасах нь зүйтэй хэмээн холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Үр дүнд нь шүүхийн практикт хэвшил болоод буй нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нийгэмд аюултай байдал гэх субьектив үнэлэмжийг ашиглаж шүүх гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлох, ял, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тодорхойлохдоо ашиглахыг зогсоох юм байна.


Гуравдугаарт, нэр томьёог жигдлэх зорилгоор “шалган шийдвэрлэх” гэдэг Эрүүгийн хуульд бичигдсэн ойлголтыг “хянан шийдвэрлэх” гэж жигдлэхээр төсөлд тусгажээ.  Монгол Улсад хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гурван үндсэн тогтолцоо байдаг гэдгийг Х.Тэмүүжин гишүүн дурдаад “Нотлох баримт хуурамчаар үйлдэх нь бүх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаатай. Гэтэл Эрүүгийн хуульд “шалган шийдвэрлэх” гээд хянан шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа юм шиг өөр ойлголт хуульчлагдсанаас болоод хууль хэрэглээний хувьд нэг мөр хэрэглэхэд төвөг учирч байгаа. Тийм учраас нэр томьёог жигдлэх зорилгоор шалган шийдвэрлэх гэдэг ойлголтуудыг бүгдийг нь хянан шийдвэрлэх болгож өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн” гэв.

Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хэмээх нэр томьёог хэрэглэж улмаар бусад хуулиар энэхүү эрүүгийн хариуцлага хэмээх ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёсны” зарчим, түүнийг Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчихөд хүргэсэн байна. Эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахуунд “ял, албадлагын арга хэмжээ” гэсэн хоёр өөр агуулга, эрх зүйн үр дагавар бүхий ойлголт хамаардаг. Гэтэл уг хоёр ойлголтыг нэгтгэж эрүүгийн хариуцлага хэмээн томьёолсоныг эрүүгийн эрх зүйн бус нийгмийн харилцааг зохицуулсан хуульд шууд иш татан хэрэглэж ял шийтгүүлээгүй, шүүх ял шийтгэх шаардлагагүй, хэдийгээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй боловч түүний улмаас үүссэн үр дагавар нь ялимгүйн улмаас шүүх ял оногдуулахгүй эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэснийг хамааруулсан нь хүний эрхийг дордуулахад хүргэжээ. Иймд эрүүгийн хариуцлага гэх ойлголтыг нарийвчлан ял, албадлагын арга хэмжээ хэмээн зааглаж бусад хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үзүүлж эрх зүйн үр дагаврыг зөвхөн эрүүгийн ял хэмээх ойлголтод хамааруулж хэрэглэх хууль зүйн практик тогтоох шаардлагатай болсон хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгажээ.


Тавдугаарт, мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцтай холбоотой зүйл заалт дээр өөрчлөлт оруулж байгаа хэмээгээд холбогдох танилцуулгыг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”. Мөн “... задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасныг үндэс болговол гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хуулиар тусгайлан нууцад тооцож хамгаалахаар зааснаас бусад мэдээ, баримтыг олж мэдэх, хүлээн авах эрхтэй, хүний эрх, нэр төр, алдар хүнд, нийтийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төрийн нууцыг хуулиар тогтоож хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна.

Гэтэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томьёолж Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал болжээ. Мөн албаны нууцыг хадгалах, хамгаалах этгээдэд оногдуулах хариуцлагыг үүрэг хүлээгээгүй этгээдэд халдаан хэрэглэж буй нь шударга ёсыг гажуудуулахад хүргэсэн гэв. Тодруулбал, албаны буюу мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагч, албан тушаалтнууд холбогдох нууцаа өөрсдөө хадгалах үүрэгтэй атал тэр нууцыг нь Монгол Улсын иргэн бүр хариуцахаар томьёологдсон байгаа гэв. Ямар нэг гэмт хэрэгт шалгагдаж буй хүн, хуулийн этгээд бусад оролцогч хэн боловч өөрийн талаар хүртэл бусдад мэдээлэл өгөхөд хүртэл хэрэв энэ баримт, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэрэгт нотлох баримтаар авсан бол Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт буруутгаж болохоор байгаа. Эрүүгийн хуулийн энэхүү Үндсэн хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан хэм хэмжээг нэн даруй өөрчлөх шаардлагатай хэмээгээд “Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр төсөлд тусгасан” гэв.



Хууль санаачлагчийн дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр нар асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт, тайлбар авсан. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нягтлан лавлах шаардлагатай учраас хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэсэн.


Ингээд энэ өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний олонх буюу 64.3 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат Узбекистан Улсын парламент дахь Монгол Улсын Их хуралтай харилцах бүлгийн хамтран даргалагч Туйчиев Анвар Марзаахмедовичтай цахим уулзалт хийв 11 цагийн өмнө
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзав 11 цагийн өмнө
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав 11 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно 11 цагийн өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа 12 цагийн өмнө
А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ 13 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор бөхчүүдийг тэргүүлж "Тэргүүн бөх"-ийн шагналыг хүртлээ 13 цагийн өмнө
НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга, гишүүд Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-аар 256 бөх зодоглоно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ 15 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 17 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан болж байна 17 цагийн өмнө
“Амаргүй” сайд 17 цагийн өмнө
“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж, 17 хүн гэмтжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр Түүх, Англи хэл гэсэн хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ 18 цагийн өмнө
ЭЕШ-тай өдрүүдэд зам засварын ажлыг түр зогсооно 19 цагийн өмнө