БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх сайдын мэдээллийг сонслоо

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.27) хуралдаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа даргалан явууллаа.

Манай улсад 2020 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 эхийн 39.5, 2021 оны байдлаар нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.5, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхдэд 14.7, мөн 2021 оны байдлаар сүрьеэгийн 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 428, 2019 оны байдлаар зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөр нас барах 30-70 насныхны магадлал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүнд 214.7, зам тээврийн ослын шалтгаант нас баралт 10,000 хүнд 21 байжээ. 2022 оноос хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 1,6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байгаа ажээ. Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.8 хувь нь шээс, бэлгийн, 7.4 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан үзлэг шинжилгээнд нийслэлийн 40,753 хүүхдийн 90, орон нутгийн 38,728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд шүдний цоорол нийслэлийн хүүхдүүдийн 79.3 хувь, орон нутагт 71.0 хувьд, харааны өөрчлөлт нийслэлд 20.4, орон нутагт 15 хувьд нь илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.

Эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үүднээс цаашид ургийн хромосомын гажиг, нярайн цогц эрт илрүүлэг-скрининг, сургуульд, ажлын байранд суурилсан болон хорт хавдрын гэсэн чиглэлээр явуулахаар ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж, “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг Засгийн газар 2023 онд шинэчилж, 0-15 насны хүүхдүүдэд 13 халдварын эсрэг есөн төрлийн вакцин хийж буй бөгөөд энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт 50,000 хүүхдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан талаар дурдлаа. Эрүүл мэндийн яамнаас 2024 онд “Хүн амын хоол тэжээлийн Үндэсний VI судалгаа” хийсэн байна. Судалгаагаар Д аминдэмийн дутал тав хүртэлх насны хүүхдийн 48 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 76 хувь, цус багадалт тав хүртэлх насны хүүхдийн 21.3 хувь, эхчүүдийн 16.3 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 22.3 хувь, төмөр дутал 6-59 сартай хүүхдийн 6,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 13,6 хувьд илэрсэн байна.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, О.Саранчулуун, С.Зулпхар, М.Ганхүлэг, Б.Бейсен, А.Ариунзаяа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мөрийтэй тоглоомонд донтох явдалтай хэрхэн тэмцэж байгааг болон эмнэлгүүдэд томилогдож очсон дарга нар эмч, мэргэжилтнүүдийг халж, сольж бужигнуулдаг байдлыг яаж засаж залруулах талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мөн энэ асуудлыг дурдсаны дээр ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, цаг, чанарыг нэмэгдүүлэх, электрон тамхины хор уршгийг судлах, мөн хуульд тухайлан тусгасан хөдөлмөрийн эрүүл мэндтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлэх, энэ асуудлаар сангийн зарцуулалт, зориулалтын талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа сайдын мэдээлэлд дурдагдсан ажлуудын агуулга, үр дүн, тоон мэдээллийг тайлагнаагүй, ихэнх нь хийгдээгүй буюу ирээдүй цаг дээр байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, Ерөнхий сайд санаачлан нийт хүн амаа бүрэн хамруулж явуулахаар эхлүүлсэн эрт илрүүлэг, үзлэгийн үр дүнг нэгтгэж, нийгмийн өвчлөлийн статусыг тодорхойлох, дата бааз бий болгох зорилтыг бүрэн дуусгах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр “Эрт ирүүлэг 2”-ын зорилтот бүлгүүд дотор ажилгүйчүүд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид орхигдож байгааг анхаарууллаа. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл яагаад ажиллаж эхлээгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, Эрүүл мэндийг дэмжих Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийн хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндэд зориулагдаж байгаа, нийт эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардлын хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд оногдож байгаа, энэ төрлийн тусламж үйлчилгээнийт стандарт, хэрэгжилтийн үнэлгээний үзүүлэлтүүдийг асууж, бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухаанчаар, судалгаа тооцоотой хандах шаардлагатайг зөвлөсөн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалт ямар байх, орон нутагт ямар бүтэцтэй ажиллах, 2025 оны төсөв, түүний хэрэгжилтийн байдал, “Эрт илрүүлэг 2”-ын зардал санхүүжилт болон удирдлага, зохион байгуулалтын талаар асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг үзлэг, үйлчилгээнд оюутнууд, хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд, малчдыг хамруулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөөд, иргэдэд амьдралын зөв хэв маяг, эрүүл, чанартай хоол хүнс, дасгал хөдөлгөөний талаар хэрхэн сурталчилж ажилласныг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн сайдын мэдээлэл хуучирсан, хууль батлагдсанаас хойш ажил хийгдээгүй, яамны холбогдох хүмүүс нийслэл, дүүргээс мэдээлэл цуглуулж нэгтгэн дүгнээгүй байгааг шүүмжилсэн юм. Хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулиар тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн тухай ойлголт, үүрэг, зорилгын талаар дурдаад, хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай судалгааны үр дүн нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болохыг онцолж, өдөрт гурван хүн архи, согтууруулах ундаанд хордож нас барж байгаагийн шалтгааныг судалсан эсэх талаар асуусан юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээг бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгэн адил төвлөрсөн байдлаар үзүүлж байгаа учир дутагдалтай тул аймаг, дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгааг онцолж, эхний ээлжинд Хан-Уул дүүрэг, Өмнөговь аймагт жишиг төвүүд байгуулагдсаныг мэдээлсэн юм. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эмэгтэйчүүдийн тамхидалт маш их нэмэгдсэнийг статистик мэдээ татан өгүүлж, электрон тамхи хор хөнөөлгүй, утаат тамхинаас гараха тусална гэж сурталчилж байгаа боловч утаат тамхины хэрэглээ буураагүй болохыг дурдав. Цахилгаан бараа гэсэн ангиллаар хил, гаальд мэдүүлдэг электрон тамхийг зохих ангилалд оруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд өгч, Боловсролын яамтай хамтран эрүүл мэндийн боловсрол олгогч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулж, анги нээн, эхний 30 оюутныг элсүүлсэн талаар танилцуулсан юм.

Мөн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд салбарын нийт төсөв санхүүжилтийн 5.0 хувь нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулагдаж байгааг мэдээлж, 44 000 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ердөө 2.8 хувь нь энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг дурдлаа. Аймгуудад зоонозийн төвүүдийг түшиглэн Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулж, орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг онцлов. Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат нийгмийн эрүүл мэндийн асуудлы цогцоор нь авч үзэхийн зэрэгцээ олон нийт, холбогдох мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах, архидалт, чихэрлэг ундааны хэрэглээтэй татварын бодлогоор тэмцэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж, хүүхдийн хүнсний болон сургуулийн орчны эрүүл ахуй, цахим орчин, нийгмийн сүлжээний аюулгүй байдал гэх олон асуудалд анхаарах шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа салбар хоорондын хамтын ажиллагаа, цогц үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам манлайлж, мэдээллийн ил тод, нээттэй байдлыг хангаж ажиллах, судалгаа тооцоонд суурилсан оновчтой бодлого хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн суурь өгөгдөл, датаг бий болгож, түүндээ үндэслэн шинжлэх ухаанчаар ажиллах нь зүйтэй гэсэн бол  Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун төр, засгийн шийдвэр, бодлого, үйл ажиллагаа хойшлох нь ард иргэдэд асар их дарамт учруулдаг гэдгийг ахааруулж, мэдээлэл, тайланд иргэдийн эрүүл мэнд дээшлээд байгаа тухай дурддаг ч бодит нөхцөл байдал улам муудсаар байгааг анхаарууллаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нийгмийн эрүүл мэндийн байдал ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотой гэж үзэж байгаагаа тэмдэглэн ядуурлыг бууруулж, дундаж давхаргаа тэлэхгүйгээр бид үр дүнд хүрэнхгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен энэ ажил хэдийгээр олон салбарын оролцоотой хийгдэх боловч үүрэг хариуцлагын 80 хувь нь Эрүүл мэндийн яаманд хамаарна гэв. Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн хангалттай хүрэлцэхүйц бүрдсэн гэж үзэж буйгаа хэлээд, өрхийн эмнэлэг, сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс эхлээд нийгмийн эрүүл мэндийн хэлтсүүдээр зохих хэмжээнд ажил хийгдэж байгааг яам нэгтгэн зангидаж, мэдээ мэдээллээ гүйцэт авахгүй байгааг анхаарч ажилла шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бүс нутгийн онцлог, зонхилох өвчлөл зэрэгт тохируулж ажиллах, сэрэмжлүүлэг мэдээллийг зөв, оновчтой томъёолж, хамаарах бүс нутаг, зорилтот бүлэгт чиглүүлж байх, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судалж, тэдгээрийн өөр хоорондын нөлөөллийг тогтоож ажиллах шаардлагатайг дурдан, нотолгоонд суурилж зам тээврийн осол, хүүхдийн хүнс тэжээлийн хүрэлцээ, эрүүл ахуйг сайжруулах, архи, согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг бууруулах зэрэг бодитой асуудлуудыг шийдвэрлэж ажиллах зөвлөв. Тэрбээр энэ асуудлаар Байнгын хорооны ажлын байгуулах санал гаргахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлы Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
GUYS хамтлаг 2800 "Одонтой ээжид" тоглолтоо үнэгүй үзүүлнэ 11 цагийн өмнө
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 12 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ 12 цагийн өмнө
Өмнөд Солонгосын “Performance king” TAEYANG 12 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаалынхан УИХ-ын дарга болон АН-ын дарга нарт шаардлага хүргүүллээ 13 цагийн өмнө
ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа 14 цагийн өмнө
Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна 15 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина 15 цагийн өмнө
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ 15 цагийн өмнө
О.Алтангэрэл: Бүлэг итгэл үзүүлэх шийдвэрийг дэмжинэ гэвэл түүнийг дагана 16 цагийн өмнө
"Зодуулсан байдалтай нас барсан" иргэний хэрэгт 15-17 насны гурван иргэнийг шалгаж байна 18 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 19 цагийн өмнө
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно 19 цагийн өмнө
ЗГ: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно 20 цагийн өмнө
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоожээ 20 цагийн өмнө
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно 22 цагийн өмнө